Сонгуулийн тойрог байгуулж мандат хуваарилав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Нийслэлийн ИТХ-ын есдүгээр хуралдаан Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордонд болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн 2011 оны төсвийн гүйцэтгэл батлах 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” болон “НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах” талаар ярилцав. Эхний хэлэлцэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг төлөөлөгчдөд мэдээлэл өглөө.

2011 онд Улаанбаатар хотын төсөвт 195,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөөг 6,9 хувь буюу 12,7 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, 141,9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж улсын төсөвт 20,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хотын 2011 оны төсвийн орлогын 92,2 хувийг татварын орлогоос, 7,1 хувийг татварын бус орлогоор, 0,7 хувийг хөрөнгийн орлогоор тус тус бүрдүүлсэн байна. Мөн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын ажлууд танилцууллаа.

Авто замын салбарт Тасганы овоонд “Монголын үндэсний соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн”-ийн гүүрэн гарц байгуулах, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлхи 1,7 км авто зам, 120 мянгатын авто замын уулзварын шинэчлэлт зэрэг ажлууд хийгдэнэ. Нийгмийн салбарт Усан спорт сургалтын төвийн агааржуулалтын системийн шинэчлэлт, 2012 онд ашиглалтанд орох дүүргүүдийн усан бассейн бүхий сургалтын төвийн техник, тоног төхөөрөмжөөр хангах, хот байгуулалт дэд бүтцийн салбарт Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг эрчим хүчээр хангах, нийтийн зориулалттай орон сууцнуудын барилгын цахилгаан шат, дээврийн засвар, Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил гэх мэтээр салбар тус бүрт хийгдэх ажлуудыг нэрлэв.

Дээрхи асуудалтай холбоотой тодруулга асуултыг Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Д. Баттулга, Х. Оюунцэцэг, Л. Эрхэмбаяр, В.Отгондэмбэрэл, Ц. Анандбазар нар тавьж хариулт авлаа.
НИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар төлөөлөгчид ирэх 6 дугаар 28 нд болох НИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай хэлэлцэв. Нийслэлийн 9 дүүргийн 152 хороо 30 тойрог, 30 мандаттай байхаар болж байна. 15 төлөөлөгч намын жагсаалтаар орж ирэхээр болов.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба

 

Top