Тэргүүн хатагтай Х.Болормаад 2803 ээжээс захидал илгээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

“Амлалт нэхэх ард түмний холбоо” /АНАТХ/-ны орон нутаг дахь салбарын тэргүүнүүд өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорьсон үйл явцад хөдөөгийн ард иргэд хэрхэн хүлээж авч буйг хүргэсэн юм.

    “Ерөнхийлөгч байсан хүнийг ард түмний нүдэн дээр улс төрийн золиос болгож байгаа өнөөгийн олигархиуд жирийн иргэнийг яаж хэлмэгдүүлж чадна гэдгээ энэ үйлдлээр баталж байна.Шударга үнэний дуу хоолой болсон хэнийг ч ингэж нухчин дарж чадна гэдгээ харуулах гэсэн олигархиудын балмад, дээрэнгүй энэ үйлдэл нэг талаараа ард түмнийг айлган сүрдүүлэх гэсэн оролдлого шиг харагдаж байна.Тиймээс хөдөөгийн иргэд энэ үйл явдалд таагүй хандаж байгаа” гэж АНАТХ-ны орон нутаг дахь салбарын тэргүүнүүд мэдэгдлээ.

    Мөн тэд, “Н.Энхбаярыг баривчилсан шалтгааныг ойлгохгүй байна. Тэрээр үнэхээр авлигын “загалмайлсан эцэг” юм бол түүгээр загалмайлуулсан хүүхдүүд нь хаана байна вэ. Тэднийг олж илрүүлэх ёстой. Монгол Улсын түүхэн дэх дөрвөн Ерөнхийлөгчийн нэг П.Очирбат “Алт” хөтөлбөрийг эхлүүлснээс болж өнөөдөр “нинжа” бий болж, үүнийг дагасан олон сөрөг үр дагавар арилахгүй байна. Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Оюутолгойгоос сард 60 сая төгрөгийн цалин аваад, ядарч зүдэрсэн ард түмнийхээ төлөө санаа зовинолгүй сууж байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн ярьснаасаа буцаж, ард түмэнтэйгээ биш, олигархиудтай амь нэг байна. Гэтэл гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр их өрийг тэглэж, “Үдийн цай” хөтөлбөрийг санаачилсан, “Мянганы зам”-ыг эхлүүлсэн гээд гавьяатай хүн. Түүнийг балмад, дээрэнгүйгээр баривчилсан тэр орой төрд суусан зандалчдын халаасан дахь хүмүүс, эсвэл тэнэг хүмүүс л баярласан. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурагтаар “Оймс, гутлаа өмсөөд байж байхгүй яасан юм” хэмээн ярьж байгаа нь түүнийг улс төрийн соёл, ёс суртахуунгүй хүн гэдгийг харуулж байна”гэсэн юм.

   Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авахыг дэмжиж орон нутгаас 95272 хүн гарын үсэг зуржээ. Түүнчлэн 2803 ээжээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр, тэргүүн хатагтай Х.Болормаад хаягласан захидал илгээсэн байна. Захидалд, “Та хүүхдүүддээ худлаа ярьсан хүн хулгайч болдог гэж зааж сургадаг гэсэн. Таны нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард түмэнтэйгээ амь нэг байна. Авлигачдын нурууг бөхийлгөнө. Шударга байя гэсэн амлалтуудыг өгч байсан ч эдгээр нь биелсэнгүй. Амлалтаасаа ухарч байна. Худлаа хэлсэн хүн хулгайч болдог юм бол таны нөхөр одоо хулгайч болчихсон юм биш байгаа. Таны нөхөр хүүхдүүдийнхээ нэр дээр Ухаахудагт хувьцаа авчихсан юм биш байгаа?” гэх мэт олон асуулт тавьсан юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top