Английн Ерөнхий прокурор асан Петер Голдсмит Лорд: Монголын хууль, хяналтын байгууллагынхан Н.Энхбаярыг эрхийг ноцтой зөрчиж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

 Хүний эрхээр мэргэшсэн хуульчид Н.Энхбаярын хүч хэрэглэн баривчилсан үйлдэлд судалгаа хийж дүгнэлт гаргаснаа өнөөдөр тайлагналаа.  Хэвлэлийн хуралд хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, Ц.Монгол нар болон олон улсын хуульч Петер Голдсмит Лорд оролцсон юм.  Петер Голдсмит Лорд нь  Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын парламентын дээд танхимын гишүүн, Европын холбооны хүний эрхийн хорооны тэргүүн бөгөөд тус улсын Ерөнхий прокурор байсан олон улсын хүний эрхийн хуульч юм. Тэрээр манай улсын хүний эрхийн хуульчидтай хамтран Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан ажиллагаа хийгээд түүнд тулгасан эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах ажиллагаа нь Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенци зөрчигдөж буй эсэхэд судалгаа хийж дүгнэлт гаргажээ.  Дүгнэлтээр “МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж буй нь улс төрийн учир шалтгаантай байх магадлал өндөр байна.  Учир нь өнөөдөрийн  байдлаар уг хэргийг шалгаж буй мөрдөн байцаалтыг дуусгаж прокурорт шилжүүлсэн ч Н.Энхбаярыг үргэлжлүүлэх хорьж байгаа нь ийм дүгнэлтэд хүргэлээ.  Хэрэв цагдан хорих тогтоолын шалтгаан  болсон мөрдөн байцаалтад саад учруулах, оргон зайлах гэсэн үндэслэл нь мөрдөн байцаалт дууссанаар арилах учиртай. Гэтэл түүнийг үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гарсан нь түүнийг “улс төрийн хоригдол” болохыг илүү ихээр баталлаа. Энэ нь цаад утгаараа УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэсэн улс төрийн зорилго байна. Мөн тэрээр хуурай өлсгөлөн зарлаад 120 гаруй цаг болж амь нас нь хутганы ирэн дээр тулаад байхад улс төрч, хуулийн байгууллагынхан үл ойшоож түүнийг батлан даалтад гаргахаас зайлсхийж байна. Энэ нь олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхэд ноцтой халдаж буй үйлдэл юм” гэжээ. Харин энэ талаар олон улсын хуульч  Петер Голдсмит Лорд “Бид энэ хэргийг судалж байгаа. Хэдийгээр Н.Энхбаярыг буруутгасан хэргийн үндэслэл материалтай бүрэн танилцаагүй байгаа боловч Төрийн тэргүүн байсан хүнийг иймэрхүү байдалтай хорьж байгаа нь харамсалтай. Аль ч улс оронд сэжигтнээр хорьсон хүнийг удаан хугацаагаар хорьдоггүй. Олон улсын жишгээр тухайн сэжигтнээр хоригдож байгаа хүний  биеийн байдал муудахад мөрдөн байцаалтыг зогсоож эмчилгээнд хамруулдаг. Монголын хууль, хяналтын байгууллагынхан Н.Энхбаярыг эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс Н.Энхбаярыг суллах хэрэгтэй . Түүний эрүүл мэндэд маш хүнд байгаа гэсэн шүү дээ”  гэв. Харин хуульч Ц.Отгонбаатар “Улс төрийн зорилгоор цагдан хорьсон нь бидний хийсэн дүгнэлтээр тодорхой боллоо. Ардчилсан Монгол Улсад хүний эрх ноцтой зөрчигдөж байгаад эмзэглэж байна. Бид энэ талаар Олон улсын байгууллага болохЭмнести Интрернейшл, Европын холбооны хүний эрхийн комисст мэдээлэл хүргэнэ” гэсэн юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top