Зулзган мод хүүхэд хоёрыг нөхөрлүүлье

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

 


  Сүүлийн үед хүмүүс  харьцангуй ихээр мод тарьдаг болжээ. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй. Нэг килограмм чацарганы үрийг тариалахад хэдэн мянгаар тоологдох мод, гурван килограмм шинэсний үр тарихад хэдэн саяар тоологдох тарьц гардаг гэж мэргэжлийн хүмүүс ярьцгаадаг. Заавал мэргэжлийн гэлтгүй ногоон байгальд хайртай хэн боловч мод тарьж түүнийг арчилж чадна. Гэхдээ энэ ажилд тэвчээр хэрэгтэй. Нийслэлд жил бүр мод тарих аян өрнүүлж байгаа ч харин ургасан нь цөөхөн.  Мод тарьсан гэх нэр зүүхээсээ илүү суулгасан модоо арчлаад, хариуцах тодорхой эзэнтэй байвал сайнсан. Манайд энэ ажил дулимаг явагддагаас хавар тарьсан суулгацаас намар ургасан нь хамаагүй бага байдаг тал бий.

Мод сөөг суулгахын өмнө мод тарих нүхийг урьдчилан заавал ухаж бэлтгэх  бөгөөд болж өгвөл 20 хоногийн өмнө,  эс чадвал 3-5 хоногийн өмнө ухах нь зүйтэй. Нүхийг 80-100 см-ийн голчтой, 60-80 см-ийн гүнтэй ухна. Үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолно.  Мод тарих нүхэндээ хар шороо, элс бууцыг 3:1:1 харьцаагаар сайтар хольж хийх бөгөөд дөрөв тавдугаар сар болон намар газар хөлдөх үе хүртэл тариалдаг.  Мод тарьсан өдөртөө багтаан 50-60 литр, сөөгийг 20-30 литр  усаар усална. Үүнээс хойш 7-10 хоногт өглөө оройн сэрүүн үеэр ханатал услаж байх хэрэгтэй.     

 Эх болсон байгаль дэлхийгээ хайрлана гэдэг энгийн зүйлээс тухайлбал зүлэг ногоо гишгэхгүй, модны мөчир хугалж тоглохгүй байхаас эхэлдэг. Бид хүүхдүүддээ элдвийн сургамж хайрлахаасаа илүү өөрсдийн биеэр үлгэрлэн хамтдаа бут сөөг тарьж, тарьсан модоо арчлан тордох энгийн аргыг зааж өгснөөр тэднийгээ амьд байгалиа хайрлан хамгаалдаг нэгэн болгоход багагүй дөхөм болох юм.  Найз нөхдөөрөө, анги хамт олноороо нийлээд мод тарих нь зугаатай хэрнээ байгальдаа ашигтай, бас хожим бид энийг тарьсан шүү гэх дурсгалтай. Энгийн логикоор бодоход  олон хүний тарьсан мод усалгаа дутмагаасаа болж гандаж гундахгүйн дээр хүүхдүүд өөрийн тарьсан модыг хэрхэн ургаж байгааг харах гэж, бас усалж арчлах гэж ирцгээдэг. Энгийн хэрнээ энэ л агшин зулзган мод хүүхэд хоёрын нандин үерхлийн үүд хаалга билээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top