Манай сурвалжлах хэсэг хорих 461-р ангид экс Ерөнхийлөгчийн биеийн байдал болон цаг үеийн байдлыг газар дээрээс нь шуурхай сурвалжлахаар очсон юм. Биднийг очиход МАХН-ын гишүүд, дэмжигч болон бусад хэвлэл мэдээллийн шуурхай мэдээний баг ажиллаж байв.
Бид экс Ерөнхийлөгчийг ямар зэрэг цолтой, хэн гэж эмч хянаж байгаа талаар хорих ангийн үүдний харуулаас тодруулсан боловч “Бид мэдэхгүй. Ажлаа хийж байгаа тул та бүхэн садаа бололгүй гарна уу” хэмээн халгаасангүй.
Эх сурвалжийн хэлж байгаагаар хорих ангид байнгын эмч байдаг бөгөөд тэдгээр нь 24 цагаар ээлжилдэг гэнэ. Одоогийн байдлаар экс Ерөнхийлөгчийг эмч, сувилагч нар ээлжлэн асарч байгаа гэнэ.
Н.Энхбаярын хувьд элэг болон нойр булчирхай өвддөг бөгөөд хуурай өлсгөлөнгийн улмаас бие нь эрс муудан хөл дээрээ тогтож чадахгүй байгаа ажээ. Хэрэв тэрбээр эсэргүүцлийн өлсгөлөнгөө энэ хэвээр үргэлжлүүлбэл өглөө гэхэд таагүй мэдээлэл дуулгах төлөвтэй байна.
Эмч, эмнэлэгийн ажилтнуудаас хуурай өлсгөлөн зарласан хүний биеийн байдал 110 цаг өнгөрөхөд ямар байдгийг тодрууллаа. Тэдний хэлж байгаагаар хүний тархи ширгэж, толгой эргэн, даралт тогтворгүйтэж, ухаан балартах, хууч өвчин хөдлөх, бие махбодийн тэнцвэрт байдал алдагддаг гэж тайлбарлалаа.
Бид экс Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )