Улс төрийн нам, эвслүүд Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор илэрхийлж дууслаа.
Хуульд заасан хугацаанд 11 нам / Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам/, 2 эвсэл /МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл” / сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ хавсралт бүхий баримт бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгөв.
Эдгээр нам, эвсэл нь төлөөллийн байгууллагын шийдвэр, тухайн нам буюу эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нам, эвслийн сонгуулийн батлагдсан мөрийн хөтөлбөр, түүнийг хуульд заасан төсвийн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар гаргасан төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, нам, эвслийн сонгууль эрхлэх төв байгууллагын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл зэрэг баримт бичгийг хавсаргаж өглөө.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрээ гаргах юм.
Сэтгэгдэл ( 0 )