УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа “Mining Mongolia-90” олон улсын чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын дарга мэндчилгээндээ, өнгөрсөн XX зууны эхэн үеэс манай оронд орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ салбарууд үүсч, соёл, шинжлэх ухаан хөгжин ард иргэд маань сэргэн мандаж ирсэн түүхтэй. Анх 1913 онд Богд хаант Монгол улсын уул уурхайн дүрэм, 1923 онд Ардын засагт Монгол улсын уул уурхайн дүрэм батлагдан гарч, ашигт малтмалын хайгуул, шинжилгээний ажил эхэлснээр манай үндэсний уул уурхайн салбарын үндэс суурь тавигдсан билээ. Энэ үеэс хойших хугацаанд уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрч сайхан уламжлал, идэвх зүтгэл манай орны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, эдүгээ Монгол Улсын эдийн засгийн хөгжилд уг салбар тэргүүлэх байр суурь эзлэх болсныг тэмдэглэсэн байна.
Геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлж, орчин үеийн шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж буй уул уурхайн инженер, техникийн ажилтан, уурхайчин Та бүхний ажил, мэргэжлийн болон ажиллаж, хөдөлмөрлөх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал байнга анхаарч ирлээ. Уул уурхайн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагын үүднээс Газрын хэвлийн тухай хуулийг 1988 онд баталж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийг 1994, 1997, 2006 онуудад шинэчлэн найруулж батлан гаргалаа.
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын бодлого, түүний хэрэгжилтийг хангах талаар төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын эрх үүргийг улам тодорхой болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг дэлхийн стандартын шинэ шатанд гаргаж, хариуцлагын тогтолцоог эрс дээшлүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байгааг УИХ-ын дарга мэндчилгээндээ онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
I was struck by the hosenty of your posting