Д.Тэрбишдагва: Н.Энхбаярын амь нас хутганы ирэн дээр биш хутганы үзүүр дээр ирээд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

   Гурав дахь Ерөнхийлөгч Н. Энхбаярын биеийн байдал цаг тутам муудаж, амь нас нь хутганы ирэн дээр бус хутганы үзүүр дээр ирээд байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр чуулганы эхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр байдал ийм байтал хууль, хүчний байгууллагуудад тодорхой санал хүргүүлсэн ч авч хэлэлцэхгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт гурван удаа бичиг явуулсан ч  хариу өгөхгүй байна гээд МАХН-аас гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулав.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, УИХ-ын дарга хуулийн хүрээнд ажиллана. Иймд энэ асуудлыг хуулийн хүрээнд явуулах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан  Эрүүл мэндийн яамтай ярьж анхаарал тавих, мөн хуулийн байгууллагууд  хуулийг  зөв хэрэгжүүлж  байна уу гэдэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Улсын Их Хурал ийм механизмтай, ингэж ажилладаг зарчимтайг УИХ-ын дарга мэдэгдээд хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрх эдэлж, хуулиа  нийтээрээ дээдэлж ажиллах ёстойг онцлон хэллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top