Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Сюй Цайхоу бараалхав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга хурандаа генерал  Сюй Цайхоу өнөөдөр бараалхав.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Монгол Улсад анх удаа айлчилж буйд баяртай байна. Таны энэ айлчлал хоёр орны болон батлах хамгаалах салбарын харилцаанд ахиц дэвшил гаргана гэж итгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч буйд монголын тал сэтгэл хангалуун байдаг.

Өнгөрсөн онд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр улсын харилцаанд гарч буй чухал дэвшил болсон. Батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшинд харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, БНХАУ-ын цэргийн сургуульд боловсон хүчин сургах, энхийг сахиулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж байгаад баяртай байна” гэлээ.

 

ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Сюй Цайхоу Монголын Батлан хамгаалахын сайдтай олон асуудлаар ярилцаж тохиролцсоноо дурдаад Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга, Цэргийн зөвлөлийн дарга Ху Жинтао мэндчилгээ дамжуулсныг уламжлав.

Ерөнхийлөгч Ху Жинтао даргад хариу мэндчилгээ уламжлахыг хүсээд ирэх зургадугаар сард Бээжин хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтад оролцох үеэрээ Ху Жинтао даргатай уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцох боломж гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top