Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Чарльс Стюрт итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Элчин сайд К.Ч.Стюртийг жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
“ИБУИНВУ нь өрнөдийн орнуудаас манай оронтой дипломат харилцаа тогтоосон анхны орон юм. Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд харилцаа хамтын ажиллагааг улам бүр бататгасан олон чухал үйл явдлууд төлөвлөж байгааг бид сайшааж байна.
Миний бие Йоркийн хунтайж Эрхэм дээд Эндрью болон Ерөнхий сайд Дэвид Камерон нартай хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцож ярилцаж байсан. Манай хоёр орны эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Ялангуяа сүүлийн үед хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарах , бизнесийн түншийн холбоо бий болох бодит хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаад бид баяртай байна” гэж Ерөнхийлөгч ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )