Өнөөдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг баривчлахыг завдлаа гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очлоо. Биднийг очиход МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Э.Батшугар болон гишүүд дэмжигчид байсан юм. Энэ үеэр Н.Удвалаас тодруулга авлаа.
- Таныг баривчлахыг завдсан гэж үнэн үү?
- Манайх гомдол гаргасан юм. Манай гадаа машинд суусан цагдаа хувцастай хүмүүс зураг аваад бичлэг хийгээд, машин дагаад байсан. Гэрийн гадаа дамжуулах хэрэгсэлтэй
-Станцтай юу?
- Тийм станцтай хүмүүс дагаад байна. Аюулгүй байдлыг минь хангаж өгнө үү гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан. Тэгсэн өдөр энэ талаар асуух гэж байсан гэж залгасан. Тэгээд ирсэн чинь танийг шүүхэд шилжүүллээ гэсэн.
- Ямар үндэслэлээр?
- Би бас өөрөө гайхаад л байна. Хүнийг хуурч авч ирчихээд шүүхэд шилжүүллээ гэсэн. Зарлан дуудах хуудас өгөөгүй. Тэгээд яасан, ямар үндэслэлээр вэ гэхэд Сүхбаатар дүүргийн шүүгч Хосбаяртай уулз гэсэн. Надтай хамт манай намын хуульчид явж байсан учраас шүүх рүү өмгөөлөгчтэйгээ яв гэсэн. Өмгөөлөгч маань /О.Баасанхүү/одоо уулзаж байгаа.
- Цагдаа хувцастай хүмүүс таныг хэзээнээс дагаж эхэлсэн бэ?
- Намайг дагаж байгааг би баримтжуулсан. Одоо эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна гэж надаас тайлбар авсан.
- Цагдаад бүртгүүлсэн гэлээ. Бүртгэлд таньд ямар нэгэн байдлаар “асуудал” үүссэн тохиолдолд тэр хүнтэй холбоотой гэж тайлбараа өгсөн үү?
- Өгөөгүй. Үүнийг улс төрийн шалтгаантай гэж бодож байна.
- Яагаад?
- Н.Энхбаяр даргыг хорьсон нь улс төрийн шалтгаантай нь батлагдаж байна гэж бодож байна. Намайг ингэж байгаа нь үүний баталгаа болж байна.
- Тэгвэл дараагийн ээлжинд хэнийг барих бол?
- Манайх 60,000 гишүүнтэй. Жаран мянгууланг нь бариад явах байлгүй.
Энэхүү тодруулгыг аваад дуусаагүй байхад түүний өмгөөлөгч О.Баасанхүү Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас гарч ирсэн. Тэрбээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг ямар үндэслэлээр шүүх гэж байгааг ярьлаа. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан өдөр буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гишүүд дэмжигчид нь жагсаал хийсэн. Жагсаал зохион байгуулахдаа Н.Удвал нь “Жагсаал цуглаан хийх журмийн тухай” хуулийг зөрчсөн байна гэж үзээд маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд 11:00 цагаас шүүхээр боллоо. Одоогоор баривчлах, мөнгөн торгууль оногдуулах нь тодорхойгүй байна. Би эдгээр материалтай танилцах хэрэгтэй байна гэж хэлсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )