Шинэ мэдээ: Хиллари Клинтон Г.Занданшатар сайдтай Н.Энхбаярын талаар юу ярив ?!

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

     Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, 3 хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай утсаар холбогдож, 15 минутын турш ярьжээ.

     Энэ үеэр хатагтай Клинтон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хоёр асуудлыг хөндсөн байна. Үүнд:

  1. “Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль санаачлан парламентаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг багасгаж хязгаарлах нь Монгол улсын цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг сануулсан аж. Дэлхийн хөгжиж буй болон хөгжилтэй орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар өнөөдрийн амжилтанд хүрсэн гэж "айлджээ".
  2. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлан хорих явцдаа хүний эрхийг олон талаар зөрчөөд байгаа юм биш үү? Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд, зарим мэдээллийн эх сурвалжаас бидэнд тэгэж харагдаж байна. Энэ асуудалд Хятадын оролцоо байгаа юм биш биз? гэсэн сэрдэх маягтай асуултууд тавьсан байна.

     Хатагтай Клинтон Америкийн байр суурийг илтгэж буй нь тодорхой. Харин тэр яагаад гэнэт Н.Энхбаярт санаа тавих болов гэдэг нь сонирхол татаж байна. Өнөөдрийн өрнөж байгаа үйл явцаас ажихад Н.Энхбаярын баривчилгааны цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхийлөн гардан зохион байгуулаад, МАН-аас Ц.Нямдорж сайдаар дамжуулан дэмжээд байгаа дүр зураг илэрхий болж байх шиг. Гэтэл "ардчилсан" Америкийн төрийн нарийн бичгийн дарга "коммунист" Н.Энхбаярын төлөө санаа тавих болсон нь асуудлыг арай өөрөөр харахыг биднээс шаардаж эхэллээ.  

    Монголын баялгийг хэн эзэмших вэ гэдэг дээр Орос, Хятад, АНУ гэсэн гурван том гүрний бодлого хүчтэй өрсөлдөж байгааг бид мэднэ. Тэднийг төлөөлөх улс төрчид, улс төр олигархын бүлэглэл Монголд байгаа нь ойлгомжтой. Уг нь бид экс ерөнхийлөгчийг Оросын талын хүн гэж ойлгодог. Гэтэл АНУ-гаас түүнд санаа тавьж байх юм. Хятадын талд хэн, хэн лоббидож байна вэ. Ерөөсөө баривчилгааны цаана зочид буудал, телевизийн асуудал биш Монголын нүүрс, алт, зэсийг хэн авах вэ гэдэг томоохон "дайн" яваад байгаа юм биш үү. Үүнийг Хиллари Клинтон сануулах гэсэн юм биш үү. Х.Баттулга саяхан "Гадныхны тоглолт явж байгаа" гэж шууд хэлсэн шүү. Ер нь юу болоод байна аа? Яагаад Занданшатар сайд Америк хатагтайн талаар таг дуугүй байна вэ. Н.Энхбаяр нь өлсөөд үхэж байгаа ч төрийн томчууд яагаад тоохгүй байна аа. Түүнээс мэдүүлэг авах гэж хорьсон гэсэн. Одоо хүртэл мэдүүлэг авсан уу. Өнөөдөр Баасан гараг. Маргааш, нөгөөдөр амралтын өдөр. Даваа гарагт ажил цуглахад Н.Энхбаяр энэ чигээрээ байвал лавтай амьсгал хурааж таарах нь. Тэр хүнийг үхүүлбэл яг хэнд ашигтай байгаа юм болоо. Хятадад уу, АНУ-д уу эсвэл аль нэг намд уу. Энэ бүх ойлгомжгүй, бүрхэг асуултын хариулт яг ХЭН-д байна аа.  

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top