МАН+АН=МАНАН гэдэг зохиомол бүлэг 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан түүхтэй. Энэхүү манан цаг хугацааны явцад 2012 оны эхээр сарниж алга болсон гэдгийг улстөрчид албан ёсоор мэдэгдсэн цаг саяхан. Гэтэл МАНАН бүлэг арилаагүй, бодитойгоор оршиж байгаа гэдгийг өчигдөр Эрдэнэт хотод болсон нэгэн үйл явдал харууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хамт 12.00 цагт “Уурхайчин” соёлын ордны их танхимд иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын албан ёсны нэр нь их гоё, энгийн даруухан. УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин олны дунд “Сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийг иргэдэд сурталчлах уулзалт гэсэн нэртэй. Уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг оролцоно гэсэн албан ёсны зарыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газар тарааж зохион байгуулсан. Энэ удаагийн уулзалтын индэрт дээрх эрхмүүдтэй зэрэгцээд аймгийн Засаг даргын орлогч П.Пүрэвлхагва заларчээ. Уулзалт иргэдэд хууль сурталчлах гэхээсээ илүүтэй сүүлийн үед Эрдэнэтийн нэг тойргийг онилоод байгаа Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгийг иргэдтэй танилцуулах, тэдэнтэй нүүр тулж уулзуулахад чиглэсэн гэдэг нь эхнээсээ аваад уулзалт өндөрлөтөл “үнэртэж” байлаа. Тэгээд ч УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед иргэд хуулийг судлах, мэдэх гэхээсээ илүүтэй цаг үеийн шинжтэй асуудалд анхаарлаа хандуулахын сацуу Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгийг илүүтэй сонирхсон гэхэд нэг их буруудахгүй болов уу.
М.Батчимэг ч гэсэн олны дунд нэрлэгдэж, энэ тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа “Сонирхлын зөрчлийн тухай хууль”-ийг санаачлагч гэгдэх Х.Тэмүүжинээр бамбай хийн өөрийгөө таниулах ажил хийж буйгаа хууль зөрчөөгүй, өөрийнхөө хуульчдаас асуусан гэсэн үгээр халхлан сууна. Эрхэм гишүүн Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг нар шулуухан хэлэхэд сонгуулийн сурталчилгаа хийж байгаа энэхүү уулзалтад аймгийн Засаг даргын орлогч П.Пүрэвлхагва оролцсоныг дээр хэлсэн. Уулзалтын индэрт суугаа энэ гурван эрхмийг харахад МАН+АН=МАНАН гэсэн дүр зураг сэтгүүлчдийн нүднээ илт бууж байсан. П.Пүрэвлхагва бол улс төрийн албан тушаалтан. Өөрөөр хэлбэл, 2008 оны орон нутгийн сонгуулийн дараа Орхон аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдсон. Эрхэм гишүүн Х.Тэмүүжин, зөвлөх М.Батчимэг нар АН-ын гишүүн. МАНАН-г бүрдүүлэгч нь МАН, АН гэдгийг захын чавганц ч андахгүй. Тиймээс энэ удаагийн уулзалтын индрээс Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг Орхон аймагт нэр дэвшихийн тулд МАНАН-таж байна уу, манарч сууна уу гэдэг дүр зураг харагдсанаа уншигчидтайгаа хуваалцаж байна.
Хэн нэгэн эрхэм үүнийг уншаад Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг хууль зөрчөөгүй, хууль сурталчлах ажлаа хийж байна гэж хэлнэ. Үүнийг эрхэм зөвлөх М.Батчимэгийн уулзалтад оролцсон иргэний асуултад хариулсан хариулт үгүйсгэж байгаа юм. “Өөрийн чинь зурагтай номын анонс энд тэндгүй өлгөгджээ. Та манай аймагт нэр дэвших гэж байна уу. Энэ үйлдэл хууль зөрчиж байгаа юм биш үү” гэсэн иргэний асуултад эрхэм зөвлөх ингэж хариулсан юм. Тэрбээр “Миний номыг хэвлэсэн компани үүнийг зохион байгуулсан. Би хуульчдаасаа асуусан. Тэд хууль зөрчсөн үйлдэл биш гэсэн. Би Орхон аймгийн АН-ын гишүүд, дэмжигчидтэйгээ нүүр тулан уулзаж, танилцаж байна” хэмээсэн хариулт өгсөн. Түүний энэхүү хариултаас харвал Монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй, түүний дагуу би сонгогдож болно биз дээ гэсэн хариулт сонсогдож байлаа. Ер нь сүүлийн үед М.Батчимэг ойр ойрхон Эрдэнэтэд үзэгдэх болж, олон түмэнд өөрийгөө харуулж, Орхон аймгийн иргэн та намайг УИХ-д сонгоод өгөөч дээ гэж гуйгаад байх шиг. Ерөнхийлөгчийн зөвлөх энэ мэтээр УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь хөтлөөд хууль таниулах ажлаар 21 аймгийг тойрох нь бололтой. Ийм байдлаар манантаж явсаар байтал сонгуулийн хугацаа дуусах байлгүй.
Сэтгэгдэл ( 0 )