Монголыг барьцаалсан Н.Энхбаярын эрх чөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11


 

Эх оронч үзлийн талаар амтай болгон шуурдаг. Ард түмний нэрийн өмнөөс гэж байгаад авдаг нөхдүүдийн дийлэнх нь төрд өндөр алба хашицгаадаг. Тэгвэл эх оронч үзэл гэж юу юм, ямар үнэ цэнэтэй вэ? гэх мэтчилэн олон асуултын хариуд мөнөөхөн цэц мэргэд бүдрэх нь бий. Гудамжинд хог хаяхгүйгээс эхлээд амь амьдралаа авч явахыг хэлнэ гэх мэтээр эх оронч үзлийн талаар бичвэл үзэг цаас дутах биз.

            Цагтаа ард түмний нэрийн өмнөөс ярих цорын ганц эрхтэй субъект байсан Н.Энхбаяр өнөөдөр өлсгөлөн зарлаад түмний сэтгэлийг хямрааж, төрийн чадлыг сульдааж байна. Яг юуны төлөө өлсгөлөн зарлаад байгаа нь тодорхой авч “би ард түмийхээ төлөө өлсгөлөн зарлаж байгаа учраас эцсээ хүртэл тэмцэнэ” гэж эхнэртээ хэлснийг нь О.Цолмон хатагтай бүхий л оройжингоо зурагтаар зарлалаа.

            Ард түмэн бүү хэл нусгай жаал, ноорхой эмгэн ч түүнээс өлсгөлөн зарлаж өг гэж гуйгаагүй. Цуглуулсан хүнсээ дааж ядан автобусанд чихэлдэх авгайд машин авч өгөх гэж үхэл амьдралын дээсэн дээр тарчилж байгаа өвчтөнд эм авч өгөх гэж хоногийн хоолоо арай ядан залгаж байгаа нэгэнд өглөг буян үйлдэх гэж энэ өлсгөлөнг зарлаагүй. Ердөө л хийсэн хэргийнхээ гэм нүглийг хаацайлах гэж хэт хувиа бодож өлсгөлөн зарласан.

            Үнэн хэрэгтээ хүний амьд явах эрхийг зөрчиж байгаа юм. Утсан чинээ улаан амь нь өөрийнх нь боловч хүн амьд явах эрхтэй гэсэн үндсэн хуулийн хамгийн том заалтыг зөрчихөөр үл барам үүгээр шантаажилж явцуу хүслээ гүйцэлдүүлэх гэсэн башир арга. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Саахалтынхаа хонийг нударчихсан малын хулгайч, айл ухалтаар мэргэшсэн архаг хулгайч, автын осол хийсэн санамсаргүй ялтан, айлын охин хүчиндсэн гаж донтон гээд хоригдож байгаа бүхэн өлсгөлөн зарлаж ял завших гэж оролдвол яах вэ?

            Сураагүй юм биш дангинатал хүлж байгаад албадан эмчилнэ биз. Тэгвэл Н.Энхбаярын эрхийг зөрчсөн гэж яригдаад байгаа нь худал болж таарч байна. Түүнд хүч хэрэглэж, албадан эмчилгээ ч хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл эрхийг нь дээд зэргээр хүндэлж байна. Тэр ч бүү хэл Сайд нарын хоёрт төрийн гурван өндөрлөгийн хэвтдэг өрөөнд тарвалзуулж байна шүү дээ.

            Энэ бол хэтэрсэн эрх. Бусад 2 сая 699 мянган хүнтэй адилхан эрхтэй байж гэмээнэ л хүний эрхээр хангагдана гэсэн үг. Энхбаярыг хаан байх үед францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбатыг өлсгөлөн зарлахад нь эрүү, шүүлт тулгаж байгаад зогсоож байсан гэдэг. Би харгислалыг хүсч байгаа юм биш зүгээр л хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг л сануулаад байгаа хэрэг. Надаас эхлээд олон хүн эхэн үедээ Н.Энхбаярыг өрөвдөж  байсан. Гэвч дэлхий дахинд Монгол улсын тухай таагүй мэдээлэл цацаад эхлэхээр нь эргэлзэхээр үл барам өрөвдөх сэтгэл минь хийсэн одсон билээ. Н.Энхбаяр ба түүний дагалдагсад монгол улс төрийн хоригдолтой болсон талаар дэлхий дахинд цацсанаар үл барам хүний эрх, эрх чөлөөг боомилж байгаа мэтээр өдөр шөнөгүй сурталчилж байна.

            Гадны ямар л байгууллага байна тэр бүхэн рүү энэхүү ташаа мэдээллээ цацсан нь дэлхий нийтийг эргэлзээнд оруулж эхэллээ. Мөрдөн байцаалтанд дуудахад нь яваад очсон бол хөлийг нь гозолзуулаад өргөхгүй байсан. Нөгөөх эх оронч үзэл хаачиваа. Н.Энхбаярт шоронд орохгүй эрх чөлөөтэй явж, дахин төрийн өндөр дээд албанд морилох нь гол болохоос бус монгол улсын нэр хүнд ердөө ч хамаагүй бололтой.

            Хээрийн түймэртэй тэмцэж байгаад гурван сайхан залуу амь үрэгдлээ. Хоёр нь үхэл амьдралын дэнсэн дээр тэмцэж байна. Нэгэн сайхан хүмүүний үр ар, гэрээ тэжээх гэж барилга барьж яваад амиа алдлаа. Энэ бүхэн дэндүү үнэ цэнэтэй, эх орныхоо төлөө, элгэн садныхаа төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн баатарлаг үхэл. Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм. Монгол улс ардчилал ялснаас хойш дээр доргүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр дэлхий дахинд нэр хүндтэй болж чадсан. Манайд үзэл санааны буюу улс төрийн хоригдол байхгүй. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх нь бараг үгүй. Энэ мэтчилэн 22 жилд бидний олж авсан хамгийн үнэт зүйл ардчилсан Монгол улс гэсэн хаяг юм.

            Фрийдом Хаусын газрын зураг дээр бүс нутагтаа Монгол орон цор ганцаараа ногооноор тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь ойр хавьдаа цорын ганц ардчилсан улс гэсэн таних тэмдэг юм. Н.Энхбаяр үүгээр дэнчин тавьж, ял завшихыг оролдож байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын гадаад нэр хүндээр барьцаалж эрх чөлөөтэй болохыг зорьж байгаа аж. Мөн хамтран зүтгэгсэд нь арваад хүнийг өлсгөлөн зарлуулж орхилоо. Тэд хэний төлөө өлсгөлөн зарлав. Хаа очиж үр хүүхэд, ар гэрийнхээ төлөө зүтгэсэн болов уу гэж бодож байна. Учир нь тэд цалинжиж байгаа. Түүнээс биш хаа хамаагүй Н.Энхбаяр гэдэг хүний төлөө эрүүл мэндээрээ дэнчин тавьдаг тэнэг толгой л лав үгүй.

            Эх орноос үнэтэй эрх чөлөө гэж үгүй. Гэвч Н.Энхбаярын эрх чөлөө Монгол улсаас илүү үнэ цэнэтэй бололтой. Уг нь эрх чөлөөгөө эрхэмлэдэг бол улсын хөрөнгийг завшихгүй байсан. Завшлаа гэхэд хуулийг хүндэтгээд мэдүүлгээ өгч, гэм буруугаа хүлээн ялаас мултрахыг бодно. Н.Энхбаяр улс орны нэр хүнд ямар үнэ цэнэтэй болохыг сайн мэддэг тулдаа барьцаалж байгаа юм. Энгийн иргэн ийм тэмцэлд орсон бол өнөөдөр хэн ч тоохгүй байсан. Гуравдагч Ерөнхийлөгч байсан болохоор ийм байдаг юмуу. Үгүй. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Бас үүрэгтэй. Хэн нэгний нэр, эрх чөлөөнөөс хямд эх орон гэж үгүй. Бас хэн нэгэн луйварчны ял завших хөшүүрэг нь ард түмэн биш.

 

Ш.Хүрэлбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top