Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнах зорилгоор “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аян өрнүүлж эхэллээ. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх юм. Аяны нээлт 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын бүх гишүүн оролцлоо. Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ Засгийн газраас хийж бүтээсэн томоохон ажил, үр дүнгийн талаар иргэдэд товч танилцуулсан байна. Эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8.9 хувь байсан бол энэ онд 17.3 хувь болж өссөн, 2010 онд 39.2 хувьтай байсан ядуурлын түвшин өнгөрсөн онд 10 орчим хувиар буурч, Монгол Улс бага орлоготой орноос дунд орлоготой орны ангилалд шилжсэн, ажилгүйдэл 7.7 хувь хүртэл буурсан, хүний хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадвараараа олон улсын түвшинд байр сууриа ахиулсан нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүн гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн онцлов. Түүнчлэн байгалийн баялгаас анх удаа хувь эзэмших боломжийг бий болгож, иргэн бүрт 1 сая 500 мянган төгрөг олгох амлалтаа бодитоор биелүүлэх нөхцлийг бүрдүүлсэн, ард иргэдээ орон сууцжуулахын тулд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг батлан, аль болох олон өрхийг хамруулах зорилгоор 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн, сүүлийн гурван жилд 180 мянган ажлын шинэ байр бий болгон, 60 жилийн хугацаанд байгаагүй төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэх ажлыг энэ Засгийн газар эхлүүлж “Эрүүл хүүхэд” аянд хамрагдах ёстой нийт хүүхдийн 50 гаруй хувийг хамруулж байгааг ч тэмдэглэлээ. Мал сүрэг 36 сая толгойд хүрч сүүлийн хэдэн жил байгаагүй амжилтад хүрсэн, хөнгөн үйлдвэрийн тоо мөн онтой харьцуулахад 80 гаруй хувиар өссөн, мах, сүү, төмс, буудайгаа 100 хувь, хүнсний ногооны 53.6 хувийг дотоодоосоо хангадаг болсныг Ерөнхий сайд дурдлаа. Ерөнхий сайдын хэлснээс үзвэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд цэцэрлэгүүдийн санхүүжилтийн хэмжээ 2.5 дахин нэмэгдэж 36 тэрбум төгрөгөөс 91 тэрбум болтлоо нэмэгдсэн байна. 2009-2011 онд дунд сургуулийн багшийн дундаж цалин 264 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд 381 мянга болж 44.5 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн өсөлт гарах нэг хэрэг. Үүний үр шимийг иргэдийнхээ амьдралд наалдуулахын тулд Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх олон ажил байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Юутай ч цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг шат дараатайгаар 2-2.5 дахин нэмснээр төрийн албан хаагчдын цалинг дунджаар 630 мянга, тэтгэврийн дундаж хэмжээг 224 мянга, өрхийн сарын дундаж орлогыг 2011 онд 586 мянган төгрөгт хүргэсэн. Сар бүр “Хүний хөгжил сан”-гаас 21 мянган төгрөгийн хишиг, хувийг иргэн бүртээ хүртээж байгаа зэргийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Өөрөөр хэлбэл Ардын засаг амласан ёсоороо цалин, хөлсийг 2 дахин, тэтгэвэр, тэтгэмжийг 2.5 дахин нэмлээ. Цаашид инфляцитай уялдуулж ард иргэдийнхээ өрхийн орлогыг эрс нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг авах юм байна. Өнгөрсөн 4 жил бүхэлдээ урт хугацааны эдийн засгийн тогтвортой, удаан хугацаанд хадгалагдах өсөлтийн суурийг тавьсан, шинэ бүтээн байгуулалт, төмөр зам, эрчим хүч, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбараа эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн, иргэдээ ажилтай, орлоготой байх боломжийг бий болгосон жилүүд байсныг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэв. Ерөнхий сайдын хэлснээс үзвэл шинээр томилогдсон сайдуудын 100 хоногийн ажил, Засгийн газрын 4 жилийн амжилт, бүтээл улс оронд хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын суурийг тавьжээ гэж дүгнэж болох юм. “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд зохион байгуулсан өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаа бүх яам, агентлагийн ажилтай Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд танилцаж иргэдтэй ч ярилцав. НХХЯ өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувьцаа, эсвэл бэлэн мөнгө гэсэн хувилбараас алийг нь сонгох талаар асуумж авч дуусч байгаа тухай сайд Т.Ганди танилцууллаа. Асуумжаас үзвэл 200 гаруй мянган иргэн мөнгөө авах хүсэлтэй байгаа бол 100 гаруй мянган иргэн хувьцаагаа авна гэдгээ илэрхийлжээ. НХХЯ энэ сард багтаан дүнгээ нэгтгэн Засгийн газарт танилцуулах ёстой гэдгийг Ерөнхий сайд сануулав. Иргэд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт, ажлын байрны талаар НХХЯ-ныхнаас сонирхож байсан бол Бүртгэлийн ерөнхий газрынхан цахим үнэмлэх, иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах гэсэн олны хөлд дарагдаж байлаа. Тэтгэвэр нэмэгдсэнд туйлын баяртай байгаагаа Ерөнхий сайдтай гар барьж уулзахдаа илэрхийлэх өндөр настан олон байлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ажлын байрны лавлагаа авч, анкет бөглөн Хөдөлмөрийн биржид бүртгүүлж байгаа залуустай ярилцан, санал бодлыг нь сонсов. Хөдөлмөрийн биржийнхэн ажилд орох хүсэлтэй иргэдийг газар дээр нь бүртгэн мэдээллийн нэгдсэн сандаа оруулж байна. Өнөөдөр гэхэд л 50 гаруй хүн ажилд орохоор бүртгүүлжээ. Удахгүй УИХ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбоотойгоор Бүртгэлийн ерөнхий газрынхан амсхийх завгүй ажиллаж байна. Тус газрынхан сонгогчдын бүртгэлийг гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих ажлаа төлөвлөсний дагуу явуулж байна. Тухайн иргэн www.registrationmongolia.com, www.burtgel.mn цахим хуудсанд нэвтэрч иргэний үнэмлэх болон регистрийн дугаараа оруулан сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ мэдэх боломжийг ч бүрдүүлсэн тухай Бүртгэлийн ерөнхий газрын дарга энэ үеэр танилцуулж байв.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа 6 хувийн хүүтэй зээл олгох журмын талаар нарийн ойлголт авах гэсэн олон хүн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхантай уулзаж байсан бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгч байв. “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт аян”-ы хүрээнд зохион байгуулсан энэ өдөрлөгийн үеэр иргэд өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь нэг цэгээс авч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Цаашид бүх яам, агентлаг тухайлсан нэг өдөр тус бүртээ нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )