ГОРИЛОГСОД

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

Амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, намынхаа нэр хүндийг өсгөсөн МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруу байгаа энэ цаг үед нам доторх өрсөлдөөн ширүүсэж буй бололтой. Орхон аймгийн хоёр мандаттай тойрог дээр МАХН, МҮАН-ын улс төрийн нэгдлээс хоёр хүн дэвшихээр яригдаж байсан ч сүүлийн өдрүүдэд дөрөв болж үржжээ. Гаднаа эвссэн мэт харагдаж байвч МАХН, МҮАН тус тусдаа хоёр хүнийг УИХ-ын сонгуульд сойх гэж байна. МАХН-ын үүрийн хурлууд болж, орон нутгаас аймгийн мянгатын дарга Т.Оюунцэцэг, О.Ганбаатар нарын нэрийг санал нэгтэй баталж, удирдах байгууллагадаа илгээжээ. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны аймгийн салбарын дарга гэсэн төрийн бус байгууллагаас өөр олон нийтийн ажил эрхэлж байгаагүй “Монгол судар” ХХК-ийн эзэн энэ эмэгтэйд УИХ хэмээх хууль тогтоох дээд байгууллагад ажиллах туршлага бий юү. Энэ асуултад хэн ч толгой сэгсрэх нь үнэн. Гэхдээ тэрээр улс төр, эрх мэдэл, авлигал, хээл хахуульд идэгдсэн Орхон аймгийн улс төрийн хүрээнд МАХН-ыг шинээр гарч ирэхэд, анхны даргаар нь ажилласан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Удвал хоёрыг МАХН гэсэн нэрийг хүмүүсийн тархинд нам гэж хүлээн зөвшөөрүүлэхээр ярьж эхэлсэн эхэн үед зориг гарган ханцуй шамлан орж ирсэн уг дайчин эмэгтэй улс төрд өөрийн өнгө төрхөө нэмсэн. Түүнийг иргэд орон нутгийн хурлын байгууллагад нэг ч удаа сонгогдоогүй, намын ажлын талаар бол бүр ч “А”-гүй гэж голж байгаа. Гэсэн ч Орхон аймагт цэл залуугаасаа насны хяруу унатлаа иргэдийн хуралд сууж, даргын суудалд гагнагдсан олон албан тушаалтан бий. Тэдний байр байдлыг гаднаас нь харахад ихэмсэг, ард түмний хөрөнгөөр баяжсан хөрөнгөтнүүд болон хувирсан байдаг. Тэгэхээр хувийн сонирхолтой нэгнийг эвддэг албан тушаалтны суудалд сууж үзээгүй хүн улс төрд орох нь шинэ хуудас ч байх магадлалтай. МАХН-аас нэр дэвшихээр сойгдож буй дараагийн хүн нь аймгийн Дулааны цахилгаан станцын дарга байсан О.Ганбаатар юм. Энэ хүний намтрын ихээхэн хэсэг нь Эрдэнэтийн ДЦС-тай салшгүй холбоотой. Мастер, инженер, ерөнхий инженер, дарга гэсэн алба, албан тушаалыг шат дараалан туулсан түүнийг улс төрд хөтөлсөн хүн бол Ш.Ганбат. Орхон аймгийн намын байгууллагыг байртай болгосон хэмээн намынхаа түүхэнд бичигдсэн Ш.Ганбат О.Ганбаатарыг 2004 оны орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхээр тойрог авч өгөхөөр зарим нэг хүнийг гомдоож явсан. О.Ганбаатар 2004, 2008 онд дараалан аймгийн ИТХ-д сонгогдсон. МАН-аас орон нутгийн хурлын байгууллагад сонгогдож байсан түүнд буурь сэлгэж, МАХН-д урвах шалтгаан, улстөрчийн карьер бий болов уу. Гагцхүү олон нийтийн дунд нэр хүнд нь минутаар өсч буй ШИНЭ МАХН-ын сүр хүчээр УИХ-д орчих юм сан гэсэн мөрөөдөл нь нойргүй хонуулж байгаа болов уу. Албан тушаал хашиж явсан учир мэддэг зарим нэг хүмүүсийн яриагаар О.Ганбаатар ерөнхий нягтлан бодох Н.Жаргалмаа хоёр “Тамир”, “Сонор хайрхан” хэмээх гурван давхар барилгуудыг барьж, хувийн амьдралаа өөд нь татацгаасан гэдэг. Утаа гаргадаг муу нэртэй ч ДЦС-т давс, хужир, шүлтнээс эхлээд шахаж, борлуулах нүх ихтэй гэсэн шүү. О.Ганбаатарыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар дэмжиж байгаа. Тэд Архангай аймгийн уугуул учир нутгийн хүү О.Ганбаатарыг Орхон аймгаас УИХ-д суулгаж, нутгийн фракциа цус сэлбэх бодлоготой. Н.Энхбаяр дарга ч мөн арын сайхан хангай нутгийнх. МАХН нутгийн зөвлөлийн нам гэсэн нэр зүүхийг хүсээгүй л бол нутгархах үзэл Эрдэнэтэд сайн сайхан зүйл авчрахгүй гэдгийг эх орны өнцөг булан бүрээс ирсэн анхдагч нар хэлээд өгөх байх. УИХ-д суухаар өөрийгөө сойгоод буй дараагийн улстөрч бол Д.Галбаатар юм. Түүнийг эрдэнэтийнхэн шар Галаа гэсэн нэрээр нь сайн мэднэ. Мэдлэг боловсрол өндөр, ГОК-д олон жил удирдах албан тушаал хашсан, хэлэх гэснээ хэнээс ч айхгүй хэлчихдэг гээд түүнд бусдад таалагдах дүр төрх бий. Саяхан МАН-аас гарах өргөдлөө өгч, албан ёсоор МАХН-д элссэн. Докторын зэрэг хамгаалахаар хойд хөршийг зорьсон үед нь аймгийн МАХН-ын үүрүүд хуралдаж, мань хүний нэрийг удирдах байгууллагадаа явуулах нэрсийн жагсаалтад оруулаагүй. Д.Галбаатарын Архангайд төрөөгүй нь буруу ч юм шиг, нэг ёсондоо эзгүй байх үеэр нь түүний сонгох, сонгогдох эрхийг нь бүдүүлэг зөрчжээ. Улс төрийн карьер хөөж, намаасаа гарсан гэж буруутгаж болмоор ч уг нь шар Галаа нэр дэвшсэн бол МАХН-ын сүр хүч дээр өөрийнхөө имижийг нэмбэл нэг суудал чирээд гарах магадлалтай гэсэн үгийг олон хүний амнаас сонссон. Д.Галбаатарыг МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог дэмжиж, Н.Удвал, Д.Тэрбишдагва нарын нутгийн фракцийнхны сүрд дарагдаад байгаа аж. Л.Цог Эрдэнэтээс нэр дэвшихээр бэлтгэж байсан ч намынхаа сонгуулийн штабын ажлыг удирдах болсон гэж яригдаж буй. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа. Харин МҮАН-аас намын дарга Мэндсайханы Энхсайхан, газар шороо, эх нутгийнхаа ширхэг ч чулууны төлөө тэмцэхэд бэлэн гэж илэрхийлдэг П.Болд, Н.Энхбат, доктор Д.Авирмэд нар ч дэвшихээр судалж байгаа аж. Эрх баригч МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд гол өрсөлдөөн болдог өнгөрсөн сонгуулиудаас энэ жилийнх МАХН түүний эвсэл, иргэний хөдөлгөөний удирдлагуудын ширүүн өрсөлдөөн нэмэгдэж, гал авалцахаас наагуур үйл явдал өрнөх нь харагдаж байна. Гагцхүү дээрх улс төрийн тоглоомын дундаас иргэд сонголтоо зөв хийх нь өөрийнхөө төлөө хийж буй томоохон хариуцлага болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top