Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурж нэг хүний амь эрсдэж, таван хүн дарагдсан. Уг барилга хувь хүний дур мэдэн барьсан сууц гэгдээд буй ч цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэмээн “Нийслэл таймс” сонины өчигдрийн дугаарт нийтэлжээ. Тэгвэл УИХ-ын гишүүнийг "Хурд" группийг тэргүүлдэг гэдгийг уншигчид андахгүй бизээ. Эрхэм гишүүний тэргүүлдэг группийн дөнгөж баригдаж байгаа барилга нь нэг хүний аминд хүрч байгаа нь “Хурд” группын барьж байгаа, барьсан, барих барилгын чанарт эргэлзээ төрүүлж байна. Энэ нь тэдний анхны ажил болох Урлан бүтээх төвийн дэргэдэх орон сууцны хорооллоос эхлээд урт цагаан, “Цэцэг” зочид буудал, “Оргил” рашаан сувилал, 5-р сургууль, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх барилгын төслүүдэд хамааралтай болох юм.
Эдгээрээс хамгийн их эргэлзээ төрүүлж байгаа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх Рапид харш хороолол. Уг харшийг хамгийн үнэтэй ч, хамгийн найдваргүй гэж МХЕГ, хэвлэл мэдээлэл, оршин суугчид нь ч хэлсээр өнөөг хүрсэн. Тодруулбал оршин сууж байгаа иргэд нь байнга гомдол мэдүүлж, хажуу айлын яриа сонсогдож, хоолоо хийж байгаа айлын үнэр хамар цоргиод хэцүү байдаг гэх юм билээ. Яг ийм байдалд 2700 өрх амьдарч байна. (Энэхүү харш хороололд 9-12 давхар 25 байр байх бөгөөд байрууд нь нэгээс дөрвөн орцтой. Нэг орцонд 36 айл амьдардаг гэхээр энэ хороолол хотхонд дунджаар 4800 өрх амьдардаг гэсэн үг. Сурв)
Чанаргүй барилгаа эрхэм гишүүн ихээхэн хөрөнгө хаяж сурталчилдаг. Арга ч үгүй биз. Тэрбээр өнгөрсөн онд ангийнхаа нөхдөөс хамгийн их буюу 6 тэрбум 19 сая төгрөгийн орлого олсон. Олсон ашгаараа чанаргүй барилгаа сурталчилахад асуудалгүй. Гэхдээ гишүүнийн тэргүүлдэг “Хурд” групп нэг л өдөр мянга мянган хүний аминд хүрч болзошгүй юм.
Чанаргүй барилгын материалаар байшин барьж байгаа энэ мэт жишээ нь манай улсын барилгын салбар ямар түвшинд байгааг илтгэж байна. Мэргэжлийн хяналт, хуулийнхан энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Голомтыг нурна муу муу гээд л байсан шал худлаа монгол улсдаа баялаг бүтээж багйаа сайн хүн шүү дээ яадгийн нуртал нь амьдарна ямар цагаан даавуунд амьдаралтай биш дээ