МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад бүтэн найм хонож байгаа энэ цаг үед түүний үхлийн ирмэг дээр ирээд байгааг эмч нар онцоллоо. Тодруулбал “Хэл хуурай, ярихад хүндрэлтэй, арьс хуурай, салтс шар ногоон, уушги цулцантай, биеийн дулаан 35 хэм болсон, өлсгөлөн зарласан цагаас хойш 10 гаруй кг турсан” гэж эмчийн дүгнэлтэд дурьджээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал амнаас нь ацетон маш ихээр үнэртэж байгаа бөгөөд тархины хордол буюу тархи нь өөрөө өөрийгөө шатааж, идэж эхэлсэн. Мөн бусад эрхтнүүд нь эргэн буцалтгүй устгагдаж байгаа гэсэн үг ажээ. Тиймээс нэн даруй өлсгөлөнг зогсоохгүй бол эмч нарын зүгээс амийг нь торгоох арга байхгүй гэдгээ мэдэгдэв.
Н.Энхбаяр эмчилгээ, шингэнээс татгалзаж байгаа гэнэ. Хүний нэг өдрийн шингэний хэрэгцээ 2-3 литр байдаг бол Н.Энхбаяр 400 граммаас хэтрүүлэхгүй байхыг шаардаж, албадан эмчилгээ хийлгэхээс эрс татгалзаж байгаа юм байна.
Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгийн дарга Г.Баясгалан “Н.Энхбаярын биеийн байдал үнэхээр хүнд байгаа учир холбогдох хууль хяналтынхан анхаарч, хүнлэг сэтгэлийн үүднээс түүнийг батлан даалтанд гаргах хэрэгтэй байна. Бидний зүгээс одоо бол Н.Энхбаярын амь насыг торгооход үнэхээр хэцүү боллоо. Тиймээс өвчтөний амьд үлдэх боломжийг олгож батлан даалтанд гаргах хэрэгтэй байна. Хэрэв батлан даалтанд гаргачих юм бол түүнийг албадан биш энгийн нөхцөлөөр эмчилж, сэргээх боломж нээгдэнэ” гэдгийг онцоллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )