Ес хоногийн турш хуурай өлсгөлөн зарласан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдал эрс дордсон энэ үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл түүний асуудлаар хуралдахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Яг одоо Төрийн ордонд төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хүрэлцэн ирээд байгаа аж. Мөн энэ үеэр МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Хуралдаанаас удахгүй тодорхой шийдвэр гаргаж, мэдээлэл хийнэ гэсэн хүлээлттэй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид Төрийн ордны үүдэнд хүлээж байна.
Эмч нарын зүгээс Н.Энхбаярыг одоо эмчилгээнд хамруулсан ч амь насыг нь аврах тал дээр баталгаа өгч чадахгүй хэмээн ар гэрийнхэн болон МАХН-ын удирдлагуудад өнөөдөр 21 цагийн үед мэдэгдсэн байна. Ямартай ч Төв аймгийн хорих ангиас эхэлж, Ганц худаг-аар дамжин Сайд нарын 2-р эмнэлэгт үргэлжилсэн Н.Энхбаярын 9 хоногийн өлсгөлөнг эрх баригчид, төрийн тэргүүнүүд сая л нэг анзаарч, хэлэлцэхээр шийдэв бололтой. Манай сайт болж буй үйл явдалтай холбоотойгоор газар дээрээс нь шуурхай сурвалжилсаар байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )