У.Хүрэлсүх: “МАН-ын бүлгийг хуралдуулах шаардлагагүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

                Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсантай холбоотойгоор зарлагдсан МАН-ын бүлгийн хурал одоо хүртэл эхлээгүй байна. Өнөөдөр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн санаачилгаар 22 цагт зарлагдсан уг хуралд нэлээдгүй тооны МАН-ын бүлгийн гишүүд хүрэлцэн ирсэн байна. Гэвч эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАН-ын бүлгийг хуралдуулах шаардлагагүй” гэсэн хатуу байр суурьтай байгаа аж.  Тодруулбал, бүлгийг хуралдуулах эсэх асуудлаар МАН-ын гишүүдийн санал хоёр хуваагджээ. Гэвч нөгөө талаас МАН-ын бүлгийн хурал албан бусаар эхэлсэн гэж мэдээлж байгаа. 22 цагийн байдлаар МАН-ын дарга, ерөнхий сайд Сү.Батболд төрийн ордонд ирээгүй байжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах тов зарласан гэх мэдээлэл гарсан. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар мөн л хуралдаагүй байна. Бидэнд ирсэн мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эзгүй байгаа аж. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах боломж одоогоор бүрдээгүй байна.

                Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top