Эрхэм хүндэт Хонинхүү Таны амрыг эрэн энэхүү нээлттэй захидлыг Танд илгээж байна. Та бид хоёрын төрүүлсэн хоёр хүү Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр хоёулаа Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хийж байсан, улс төрийн намын дарга байсан гээд ижил төстэй зүйл олон байгаа болохоор та бид хоёрын жаргал зовлон төстэй байх гэж би бодож байна. Ямар ч эх хүн төрүүлсэн үрээ өндгөө дарсан шувуу шиг хар сүүдэр тусахаас ч хамгаалж байдаг төрөлхийн чанартай билээ.
Өнөөдөр миний хүү Н.Энхбаяр таны төрүүлсэн хүү Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүн байх үед хууль бусаар зэрлэг балмад аргаар баривчлагдан, таны хүүгийн дэмжлэг, саналаар томилогдсон Ерөнхий прокурор Дорлигжав, Авилгатай тэмцэх газрын дарга Хурц нарын идэвхитэй оролцоо, нөлөөллөөр хүн ёсноос гадуур тамлан зовоогдож, эрхийг нь ноцтой зөрчиж, улмаар амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгааг Та эх хүн, эмэгтэй хүний хувьд монголын бусад эхчүүдийн нэгэн адил зүрх шимшрэн харж байгаа байх.
Хүний үр ялгаа юу байхав гэж өрөөлийн хүүхдийг ч өөрийнхөө хүүхэд шиг хайрладаг сайхан сэтгэлтэй эхчүүд билээ бид. Монголын ард түмний ихэнхи нь энэ баривчилгаа, хууль хяналтын байгууллагын харгис, хэрцгий үйл ажиллагааг буруушааж, дургүйцэж байгааг эрхбиш та мэдэрч байгаа биз ээ. Ард түмний бодол санаа, нийгмийн энэ сэтгэл зүйг мэдрэхийн оронд таны хүү Элбэгдорж бах тав нь ханасан маягтай олон нийтэд буруу мэдээлэл түгээж, өөрт нь хандаж бичсэн ард түмэн, УИХ-ын гишүүдийн хүсэлт, миний хүүгийн гэр бүлийн хүсэлтийг үл ойшоон хүн ёсноос гадуур загнаж байгаа учир арга буюу таньд энэ захидлыг бичиж байна. Таныг хүүгээ дагаж миний хүүг баривчилсанд баярлаж байгаа гэж би бодохгүй байна.
Би нүгэл буянд итгэдэг жирийн нэгэн монгол эмэгтэй билээ. Миний хүүгийн амь нас хором, хормоор хэмжигдэж байгаа энэ эгзэгтэй мөчид би хүүгээ амьд мэнд авч үлдэх гэж арга чаргаа барж байна. Олон эхчүүдийн зөвлөсний дагуу миний хүүг бидэнд амьд үлдээж өгөөч гэж Танаас би хичээнгүйлэн хүсэж байна. Бурууд хатуу эх хүний нөлөө хүүгээрээ ийм шийдвэр гаргуулж чадна гэдэгт би найдаж байна. Эх хүн эх хүндээ найдаж сэтгэлийн үгээ хэлж, танаас тусламж хүслээ. Та болгооно уу?
Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын ээж Будханд
Улаанбаатар 2012 оны 5-р сарын 13
Сэтгэгдэл ( 0 )