МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал цаг минут бүр дордсоор байна гэж МАХН-ын төлөөлөл, сайд нарын 2-р эмнэлгийн эмч нар дахин мэдэгдлээ. Түүнийг суллаж, хэвийн нөхцөлд эрчимт эмчилгээг яаралтай эхлүүлэхгүй бол өнөөдөр буюу 5-р сарын 13-ныг давахгүй гэх хатуу мэдэгдлийг зарим эх сурвалж өглөө. Н.Энхбаяр нь өөрөө бурхны шашинд итгэдэг, энэ чиглэлийн шашны томоохон зүтгэлтнүүдтэй холбоотой нэгэн. Лам нарын зүгээс өнөөдөр түүний сүүлчийн өдөр байж болзошгүй гэх төлөг буулгасан гэнэ. 13-ны өдрийг шашны зан үйлд “нэн хатуу” өдөр гэдэг байна. Түүний амь нас, сүнсийг аргадах үүднээс лам нарын чиглэл болгосны дагуу МАХН-ын гишүүд дэмжигчид сайд нарын 2-р эмнэлгийг тойрон гороо хийж, лус савдгийг аргадах зан үйлийг 30 орчим минутын өмнө гүйцэтгэлээ.
Шашны талаас ийнхүү зан үйл үйлдэх хооронд МАХН-ын гишүүд дэмжигчдэд Сүхбаатар дүүргийн шүүх дээр төрийн гурван өндөрлөгийн нь нэг нь ирж мэдэгдэл хийх гэж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ дагуу яг одоо МАХН-ын гишүүд болон хэвлэлийнхэн Сүхбаатар дүүргийн шүүх дээр цуглаад байна. Өчигдрийн байдлаар Ийгл ТВ, ТВ9 ТВ, ETV болон zindaa.mn сайт гэсэн цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд шуурхай сурвалжлага бэлтгэж байсан бол өнөөдөр сонин, телевизийн сэтгүүлчид нэмэгдсэн байна.
Сүхбаатар дүүргийн шүүхээс “Н.Энхбаярыг ар гэрийнхнийх нь батлан даалтанд өгөх” тухай шийдвэр гаргаж үүнийгээ прокурорын байгууллагад шилжүүлсэн тул одоо биднээс хамаарах зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна. Тэгэхээр Экс ерөнхийлөгчийн цаг, минутаар хэмжигдэж байгаа амь насыг аврах, эсвэл хорих ялыг хэвээр үлдээж, хуурай өлсгөлөн цаашид үргэлжилснээр түүний амь нас эрсдэх асуудал хэргийг хянаж буй прокуророос хамааралтай боллоо. Гэвч МАХН-ын удирдлага болон зарим эх сурвалж энэ асуудалд хяналтын прокурор дангаар шийдвэр гаргах боломжгүй болсон. Хэрэг дэндүү өндөр түвшинд улс төржсөн учраас ерөнхий прокурор Д.Дорлигжавын шийдвэрээс асуудал шууд хамаарах нь ойлгомжтой гэсэн байр суурьтай байна. Манай сайт шуурхай мэдээллийг өдөр, шөнийн турш хүргэсээр байгаа билээ. Бид удахгүй Сүхбаатар дүүргийн шүүхийн байрнаас шуурхай мэдээллийг хүргэх болно.
Д.Билгүүн, А.Төмөр
Сэтгэгдэл ( 0 )