МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдага, нарийн бичгийн дарга Ч.Улаан нар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаад сая гарч ирлээ. Тэд намын даргынхаа биеийн байдлыг танилцуулж, үхлийн аюултай байдалд орсон талаар мэдэгдэж "Батлан даалтанд гаргах" шаардлага, хүсэлт гаргасан байна. Гэвч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллах эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ талаар "Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бид нараас ч илүү мэдээлэлтэй байгаа юм байна. Түүнийгээ сая бидэнд хэллээ. Биеийн байдлыг нь мэдэж байгаа юм байна. Харин Н.Энхбаяр даргыг батлан даалтанд өгөх эсэх талаар тодорхой хариулт өгсөнгүй" гэж УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва манай шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид хариуллаа. Хэвлэл мэдээллийнхнийг Төрийн ордон руу нэвтрүүлсэн ч Ерөнхийлөгчийн уулзалтанд оруулахыг зөвшөөрөөгүй байна. "Өрөөндөө олон тооны камер зоочихсон угтдаг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч маань энэ удаа өөрийнхөө арга барилыг өөрчилжээ. Түүний Пи Ар-саг зан хаачив аа" гэсэн дүгнэлт, яриаг МАХН-ын гишүүд гаргаж байв. Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт, Н.Энхбаярын биеийн байдалтай холбоотойгоор МАХН-ын удирдлагууд төв байран дээрээ яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.
А.Төмөр, Д.Билгүүн