Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд нууцаар тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


Өнөөдөр Сонгууийн Ерөнхий хорооны  шинэ гишүүд  болох Б.Ганбат, Д.Гэрэлт-Од, Б.Билэгт, Н.Дагва, Д.Эрдэнэчулуун нар 11:00 цагт тангараг өргөлөө. Энэхүү тангараг өргөх ажиллагааны зарыг СЕХ-оос зарласан ч  сэтгүүлчдийг багтахгүй гэх шалтгаанаар оруулсангүй.  Тэр ч бүү хэл энэхүү ажиллагааг сурвалжлах гэж шаардлага тавьсан сэтгүүлчдийг оруулахгүй хэмээн Төрийн ордоны ёслолын А танхимыг дотор талаас нь түгжиж орхив.

Өнөөдөр тангараг өргөсөн гишүүдийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн томилсон юм. Тодруулбал Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн 82.4 хувийн саналаар Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбатыг, Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Д.Гэрэлт-Одыг 87.8 хувийн саналаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Билэгтийг гишүүдийн 89.8 хувийн саналаар, мөн Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга Н.Дагвыг гишүүдийн 87.8 хувийн саналаар, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулууныг 89.8 хувийн саналаар тус тус Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томиллоо. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн П.Бямбацэрэн, М.Мэндбилэг, Д.Сандаг-Очир, Х.Пүрэвсүрэн нарыг чөлөөлсөн юм. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top