“Зуд болохоор хэрээ таргалдаг” гэсэн үг бий. Үүнтэй нэгэн адилаар элдэв шуугиантай асуудлын эргэн тойрноос хожихыг хүсэгчид байдаг нь хүний нийгмийн эмгэнэлтэй амьдралын гашуун үнэн. Тухайлбал Н.Энхбаярын өлсгөлөн зарим хүмүүсийн бүр тодруулбал тойрон хүрээлэгсдийнх нь цаашдын улс төрийн карьер, оршин тогтнохын эх үндэс нь болж хувираад байгаа.
Үнэхээр тийм биш байсан бол аль эхнээс нь л өлсгөлөнг нь зогсоохыг гуйж, эрүүл мэндээ бодож тэмцлийн өөр хэлбэрийг сонгохыг зөвлөх байсан. Гэвч тэгсэнгүй. Улам бүр ташуурдаж, балчир үрсийн аав ээжүүдийг цалинжуулан гадна өлсгөж, асуудлыг улам бүр хурцатгах, үүгээр дамжуулж нэр нүүр олох гэсэн увайгүй башир үйлдлүүд улам бүр газар авч байна.
Дотоодод өрнөж буй үйл явцыг тэртэй тэргүй олон түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай харж, өөрсдийн дүгнэлтийг хийж байгаа бизээ. Тэгвэл гадаад улс орнуудад энэ талаар чухам ямар мэдээлэл цацагдаж, хэрхэн дүгнэгдэж байгааг тоймлох гэж оролдъё.
МАХН-аас дэлхий дахинд Н.Энхбаярыг дэндүү ариухан, шударга үнэний дууч, харин хууль хүчний байгууллагуудыг Пол Пот, Пеночитын дарангуйлагч дэглэм мэтээр сурталчилж байна. Гэвч дэлхий бидэнтэй адилхан тархиа угаалгахгүй. Хэн нь хэн бэ гэдгийг биднээс өмнө мэдэж байсан. Одоо ч мэдэж байгаа.
Гэхдээ гадаадад Н.Энхбаярыг аварч хамгаалах явцуу сонирхолтой бохир бизнесийн бүлэглэлүүд байгааг мартаж болохгүй. Тухайлбал санхүү, эдийн засгийн талаар дагнан бичдэг “Уолл Стрийт журнал”, уул уурхайн бизнесээр нийтлэлийн бодлогоо тодорхойлсон “Файнэншл таймс” зэрэг сонинууд гэнэтхэн л энэ сэдвээр захиалгат нийтлэл туурвих боллоо. Үүнийг гадаад, дотоодын ажиглагчид нэг сэдлээр тайлбарлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз олголт хавтгайрч, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн учраас зогсоох шаардлага тавьсан билээ. Энэ цагаас хойш өдийг хүртэл шинээр лиценз олгогдоогүй. Олгогдоогүй ч юу байхав нууцаар лиценз олгосон Батхуяг гэгч нь өдгөө Авлигтай тэмцэх газарт шалгагдаж байна. Үүнд л монголын баялагт шунасан гадны бохир мөнгөтэй этгээдүүд хорсоод байгаа юм. Мөн Роберт Фрийдландын “Саусгоби сэндс” компанийг авлигатай тэмцэх газраас шалгасан зэрэг нь Н.Энхбаярын хэрэгт гадныхан хошуу дүрэх сэдлийг төрүүлжээ.
Өнөөдөр монголын баялагийг зарж тэрбумтны эгнээнд шилжсэн хорт Боб буюу Роберт Фрийдланд хилийн чанадад Н.Энхбаярыг суллуулахаар идэвхтэй тэмцэж байна. Магадгүй суллуулахаар биш үүгээр далимдуулан ужид хүслээ гүйцэлдүүлэх атгаг санаа агуулж байгааг ч үгүйсгэх аргагүй. Хорт Боб саяар хэмжигдэх доллар төлж олигархиуд болон хар тамхи, зэвсгийн наймаачдыг өмгөөлдөг Лорд Голдсмит гэгчийг Монгол руу илгээсэн. Гэвч тэр нөхөр нь үнэнд гүйцэгдэхдээ хэргийн материалтай танилцаагүй хэрнээ хальт мулт “Хүний эрх зөрчсөн байна” гэдэг дүгнэлтийг “ТВ-9”, “Зууны мэдээ” сонинуудад шивнэх шахам хэлээд ганц ч хонолгүй буцаж одсон.
Бид өөрөө өөрсдөө л эх орондоо эзэн байхгүй бол бидний төлөө сайхан сэтгэлтэн гэж хилийн чанадад үгүй. Бидний алдаа, аль эсвэл үймээн самуунаар далимдуулж шунаг хүслээ гүйцэлдүүлэх гэсэн сувьдаг сэтгэлтнүүд олон бий. Өлсөж цангаад байгаа Н.Энхбаярын хувьд их өрийг тэглэх үедээ буюу 2003 оны 12 сарын 26-ны үеэр Роберт Фрийдландаас 50 сая ам.доллар зээлсэн байдаг. Энэ мөнгө ОХУ-ын Засгийн газрын дансанд ороогүй.
Өнөөдөр ч хүртэл уг мөнгийг хаачсан, хэний халаасанд хэдэн хувь нь орсоныг олж тогтоосон нь үгүй. Үүнтэй зэрэгцээд Роберт Фрийдландад нэг өдрийн дотор бараг 40-өөд лиценз олгогдсон байдаг. Монгол улсад 50 сая ам.доллар зээлдсэндээ эзэн суусан хэмээн маадгар байсан Фрийдландын мөнгийг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болонгуут буцаагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл “Бид чамаас ямар ч хамааралгүй” гэдгийг ойлгуулсан хэрэг. Энэ цагаас хойш хорт Боб Ц.Элбэгдоржийг үзэж чадахаа больсон гэдэг юм билээ.
Н.Энхбаярын өлсгөлөнд Роберт Фрийдланд оролцох нь зүйн хэрэг. Тэрээр “Саусгоби сэндс”-ийн лицензүүдээ Хятадын төрийн мэдлийн “Чалко” бараг 900-гаад сая доллараар зарах гээд байгаа. Яг энэ үеэр Н.Энхбаяр баривчлагдаж, “Саусгоби сэндс”-д Авлигатай тэмцэх газраас шалгалт орон битүүмжилсэн. Энэ мэтчилэн учиг нь үл олдох утасны үзүүр хөвөрсөөр.
Роберт Фрийдланд өөрт нь лиценз олгож байсан дотны нөхөр Н.Энхбаяртаа учиргүй хайртай гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Харин үүгээр дамжуулж лицензүүдээ хамгаалан үлдэж тэрбумаар тоологдох долларын ашиг олохыг л хүсэж байгаа юм. Үүнийг л Н.Энхбаярын тойрон хүрээлэгчид гадаадын хүний эрхийн байгууллагууд болон улс түмнүүд баривчилгааг буруушааж байна хэмээн тархи угаахдаа ашиглаж байна. Бохир мөнгө угаах хэрэг байдаг бол бохир сонирхолыг угааж нутагшуулах “ухаалаг” арга бас байдаг ажээ.
Хэрэвзээ Н.Энхбаярыг суллаж түүний шаардаад байгаачлан сонгуульд оролцуулж дарга болгож гэмээнэ Роберт Фрийдландын халаас улам бүр түнтийж, түүнээс ач нэхсэн гадныхан үлдсэн жаахан газрыг нь хуу хамах санаатай байгаа биз. Гэхдээ ийм зүйл болохгүй байхаа. Буруутай бол буруутай нь тогтоогдож, буруугүй бол суллагдах нь зүйн хэрэг. Харин Монгол улс энэ мэт башир арганд автаж лицензээ үргэлжлүүлэн олговол тусгаар тогтнол маань алдагдах нь маргашгүй үнэн.
Энэ газар нутаг 2 сая 700 мянган Монгол хүний өмч болохоос бус харийн бузар этгээдүүдийн халаас түнтийлгэх далай биш. Мөн ямар ч үнээр болов хамаагүй гадны бохир хамсаатнуудаа ашиглан ял завших гэсэн Н.Энхбаярын барьцааны хөрөнгө ч биш. Би энэ нийтлэлийг Н.Энхбаярыг буруутай буруугүй, өрөвдөлтэй өрөвдөлгүй гэдэгт чиглүүлэх бус үүгээр далимдуулан гадны бохир этгээдүүд Монгол төрийг ялж, улам бүр залгих гэсэн явуургүй оролдлого бийг л сануулах гэсэн юм.
Ш.Баярсүрэн
Сэтгэгдэл ( 0 )