Д.Зоригт сайдаа 1.5 сая төгрөгөө авья

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


Сонгууль хаяанд ирлээ. УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Тэгвэл энэ цаг мөчид  иргэд сонгуулиар амласан амлалтаа нэхэж эхэлсэн сураг ажиг олонтоо дуулдах болов. Тэр тусмаа төрийн эрх барьж буй намуудаас амласан бэлэн мөнгөний амлалтыг сонгуулиас өмнө олгохыг хүлээж суугаа иргэд, хөгшид олон ажээ. Түүний нэг нь Чингэлтэйчүүд.
Энэ дүүргийнхэн төрөөс олгох мөнгөний амлалтаа нэхэл хатуутай нэхэх шалтаг, шалтгаантай гэнэ.

Учир нь Монголын уул уурхайн баялгаа эргэлтэд оруулах, ашиглах үүрэг нь Засгийн газар хийгээд ЭБЭХЯ-нд оногддог. Тус яамны сайд Д.Зоригт энэ тойргоос нөхөн сонгуулиар томоохон амлалт өгч гарч ирсэн нь иргэдийн хүлээлтийг ийнхүү бий болгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулж, түүний орыг залган нөхөн сонгуулиар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт парламентад орж ирсэн. Тэрээр тойрогтоо мөн л Оюу Толгой, Тавантолгойн гэрээнээс иргэддээ бэлэн мөнгө өгөх амлалтыг өгч байв.

Харамсалтай нь дээрх ордууд ашгаа өгч эхлэх нь байтугай, бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна.

Тэрээр нөхөн сонгуулиар хувийн мөрийн хөтөлбөртөө олон зүйлийг амласан ч биелэлээ олоогүй хэмээн тойргийнхон нь дүгнэж буй юм. “Нийгмийн баялагийн зөв хуваарилалтыг бий болгож Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ”, “Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчин болгож хотын соёлыг хэвшүүлнэ” “Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ”, “Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ”, “Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ”, “Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачлагыг дэмжинэ” хэмээн амлалт өгч байжээ.

Дээрх амлалтуудаас биелэлээ олсон нь энэ гээд хэлчих амлалт олдохгүйг уншигч та анзаарч буй биз. “Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ” хэмээн амласан нь биелэлээ олсон уу. Харин ч Оюу Толгойн гэрээ ашиггүй гэрээ болсон гэх судлаачдын дүгнэлт хүртэл саяхан гарчээ. Гурван жилийн өмнөөс УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний албанаас явуулсан мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол Улсад Оюу Толгойн гэрээ нь ашиггүй гэрээ болсон хэмээн дүгнэжээ.

УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгаа, шинжилгээний албанаас дүгнэлт гаргахдаа Монгол Улсын татварын хуулиудад заасан журмын дагуу бүх татварыг төлөхөөр өөрчлөлт оруулах ёстой байсан бөгөөд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах ёстой байсныг онцлон дурьдсан байна.

Засгийн газраас энэ оны эхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настангуудад сая төгрөг өгөхөөр болсон ч одоо хүртэл Засгийн газар, ЭБЭХЯ иргэдийн гарт олгоогүй байна. Дөрөвдүгээр сард олгоно, ирэх сард олгоно гэсэн тайлбарыг Засгийн газраас өгсөөр өдийг хүрэв. Сонгуулиас өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настангуудад өгч амжихгүй ч байж мэдэх юм. Чингэлтэйчүүд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос манай цахим хуудсаар дамжуулан сонгуулийн амлалтаа ийнхүү нэхснийг дамжуулах байна.

                   А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top