Өнөөдөр АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. УИХ болон байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт ярилцсан болохоор өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар ярьсан байна.
Онцгой байдлын амь эрсдсэн гурван албан хаагчийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж байгааг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг юуны өмнө онцоллоо. Дээрх хэрэг болон бусад олон асуудал тэдэнд сургамж өгсөн. Онцгой байдлын албан хаагчид тэдний хувьд нүцгэн гараараа гамшигтай тэмцэж байгаагаар төсөөлөгддөг болохоор тэдний хангамжийн асуудалд анхаарахаа албан ёсоор мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл цаашид албан тушаалтантай хариуцлага тооцдог, залуусийнхаа амь насыг хамгаалахад боломжтой бүхнийг хийх гэнэ.
Хуралдаанаар нефть импортлогчдод оногдуулсан 17,2 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүйд тооцсон асуудлыг ярилцсан байна. Хуралдаанд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга н.Лхагва оролцож, гишүүдийн асуултад хариулжээ. Улмаар хэрэглэгчийн төлөө газар хэрэглэгчийнхээ эсрэг ажилласан гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Төсөвт орж ирэх ёстой энэ асуудлын ард юу байгаад тэд анхаарал хандуулан ажиллахаар болсон байна.
Хэдийгээр хуулийн байцаан шийтгэх арга хэмжээ явагдаж байгаа энэ үед улс төрийн бүлэг байр сууриа илэрхийлэх боломжгүй ч нийгмийг, олон хүний анхаарлыг татсан гэдэг утгаараа Н.Энхбаярын хэргийг талаар бүлгийнхээ хуралдаанаар ярилцсан гэдгээ Ч.Сайханбилэг онцоллоо. Улмаар Хууль ёсыг сахиж, шударга ёсны зарчим, хүнлэг ёсны зарчимтай байхыг хүссэнээ энэ үеэр онцоллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )