Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах, тэмцлийг эрчимжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах чиглэл бүхий зарлиг гаргаж, Засгийн газарт хүргүүллээ.
Зарлигаараа “1. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд хяналт тавих, өсөн нэмэгдэж байгаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо, түүний орон тооны ажлын албыг яаралтай байгуулан байнгын үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах, 2. Үндэсний хорооны удирдлага дор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнтэй уялдуулан зохицуулах замаар хар тамхи, мансууруулах бодисын хууль бус тархалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, 3. Монгол Улсад 2000-2005 онд хэрэгжүүлсэн “Хар тамхи, мансууралтай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, батлуулах ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах”-ыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )