Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажил байдалтай танилцаад бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх 16 саналыг Засгийн газарт энэ оны хоёрдугаар сарын 16-нд хүргүүлсэн билээ. Засгийн газар хуралдаанаараа тэдгээрийг хэлэлцэж, Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт Таван толгой, Оюу толгойн уул уурхайн явуулж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, засмал болон төмөр замын барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэд уул уурхайн компаниудын хамтын ажиллагааг сайжруулах талаар Ерөнхийлөгчийн гаргасан саналуудыг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаж ажиллахыг танхимын гишүүдэд даалгасан юм.
Энэ саналууд хэрхэн ажил хэрэг болох гэж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнөөдөр хариу ирүүлсэн байна. Түүнд “Саналд тусгасан төмөр зам болон нүүрс тээврийн авто зам, Оюу толгой, Таван толгойн ордуудыг цахилгаан эрчим хүчээр хангах станц барих, ойролцоо усны хайгуул, судалгаа хийх зэрэг асуудлыг “Өмнийн говийн бүтээн байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 257, 2012 оны 93 дугаар тогтоол гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Ерөнхийлөгчийн саналд тусгасан бусад асуудлаар холбогдох яамдын саналыг авч “Говийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 144 дүгээр тогтоол гаргаснаа хүргүүлж байна” гэжээ.
Тогтоолоор “Түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах санал боловсруулж шийдвэрлүүлэх, “Замын-Үүд” хилийн боомтын ачааны авто машин шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөлийн ажил болон цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай замыг 2012 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулах, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийн талаар санал боловсруулж, 5 дугаар сард багтаан Засгийн газарт оруулах”-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгажээ. Мөн тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг багасгах зорилгоор хилийн хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөж, ачааны авто машины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1км, цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих III терминал хүртэл 8 км хатуу хучилттай авто замыг барих хөрөнгийн асуудлыг 2012 оны эхний хагас жилд багтаан зээл, тусламж болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Мандах нарт даалгасан байна. Хот суурин, орон нутгийн ажилгүй иргэдийг бүртгэж, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулах, уул уурхайн болон шинээр байгуулж байгаа үйлдвэрүүдийг монгол ажилчдаар хангах зорилгоор мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд зохион байгуулалттайгаар элсүүлэн сургах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт бас даалгасан байна.
Ийнхүү Засгийн газраас өгсөн хариугаар Ерөнхийлөгчийн 11 саналыг өмнө гаргасан тогтоолуудад тусгасанд тооцож, үлдсэн 5-ыг нь хэрэгжүүлэх тогтоолыг энэ сарын 2-нд гаргаад байгаа ажээ.
Засгийн газар тогтоолууд гаргасаар хэдий ч Ерөнхийлөгчийн саналууд цаасан дээрээс урагш ахиагүй хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )