Экс Ерөнхийлөгчийн өлсгөлөнгийн дараах зураг юу өгүүлэв?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

       МАХН-ын дарга Н. Энхбаярын хуурай өлсгөлөн зарлаад арав хоносны дараах зураг бидний хувьд маш ихийг  өгүүлж байна. Нүд нь хонхойж, шанаа нь ёрдойн эцэж ядарсан иймэрхүү царайг та бид нийслэл хотын  хаа сайгүй харсаар байгаад нүдэнд бараг дасал болох дөхөж дээ. Энэ бол бидний монголын нийгмийн өнөөгийн дүр зураглал.  Харин эрх баригчдын хувьд иймэрхүү царайг тийм ч их хардаггүй болов уу гэж бодогдоно. Тэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, Нарантуул, Хархорин, Өгөөмөр захаар зочлохгүй. Тэдний эргэн тойронд дандаа тос дааж малийсан, сэтгэл хангалуун царайнууд харагдана.

    Экс Ерөнхийлөгчийн хувьд авлига авсан аваагүй, улсын хөрөнгө идсэн идээгүй нь бидний хувьд батлаад шийдээд байх зүйл биш, түүнийг зохих газрууд нь хуулийн дагуу үнэн худлыг нь тогтоогоод өгчихнө. Харин энэ хүний өлсгөлөнгийн дараахь зургийг бусад эрх баригчид, томчууд маань сайтар тогтоогоод харчихаасай гэж хүснэм. Тэрээр цагтаа Монголын төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж, Ерөнхийлөгч байхдаа одоогийн төрийн тэргүүн Ц. Элбэгдоржийг Ерөнхий сайд болгон хамтарч ажиллаж байсан, Ерөнхий сайд Сү. Батболдыг улс төрд хөтлөн оруулж ирсэн, Хууль зүйн сайд Ц. Нямдоржтой хагацашгүй сайн андууд байсан зэргийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

      Манай эрх баригчдын дотор авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан асуудалтай нэр холбогдоогүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Ийм  учраас хэн нь ч хэзээ нэгэн цагт яг ийм өлссөн, шаналсан царайтай болохыг хэн ч үгүйсгэхгүй, хэрвээ шударга үнэн гэж байдаг бол...  

Монголын ард түмний ийм "өлсгөлөн" царайг ХЭН өөрчилж чадах бол?

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top