УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын хууль 2013 оноос үйлчилж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд батлагдах анхны төсөв гэдгээрээ ирэх оны төсөв онцлог аж.
Сангийн сайд Д.Хаянхярваагийн Монгол Улсын гадаад өрийн талаар танилцуулснаар бол Засгийн газрын гадаад өр 2,6 их наяд төгрөг, Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 9,6 их наяд төгрөг болоод байгаа гэнэ. Энэхүү үзүүлэлтэд хувийн хэвшлийн байгууллагуудын өр ч багтаж буй аж. Засгийн газрын 2,6 их наяд төгрөгийн гадаад өр нь Дэлхийн банк, Олон улсын Валютын сангаас шаарддаг ДНБ-д эзлэх гадаад өрийн хувь хэмжээнээс хэтрээгүй гэдгийг салбарын сайд тодотгож байв. Гэсэн ч зарим гишүүд эл мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж байв. Тэд Сангийн сайдын хэлсэн өрийн хэмжээ Монгол банкнаас гаргасан гадаад өрийн хэмжээнээс 30 хувиар, хувийн хэвшлийн өрийн хэмжээ 7,7 тэрбумаар зөрж байна гэдгийг хэлж байсан. Энэхүү зөрүүтэй тоо, дүн мэдээнээс үүдэн өр, зээлийг чухам ямар компани тавьсан бэ гэдэг хар гарч байсан юм. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэгчлэн бүтэн дөрвөн жил Засгийн газартаа хяналт тавиагүй, хэзээ ямар байдлаар өр бий болсныг мэдэхгүй өнөөг хүрсэн УИХ-д ямар дүн тавих вэ гэдэг таамаг хөрвөх шинжтэй. Нөгөө талаар хэзээ, ямар өр тавьсан нь өдгөө мэдэгдэхээ байсан завсар зайгаар хийдүүлсэн Засгийн газрын шийдвэр хэд вэ гэдгийг тааж биш тоолж гаргах цаг болсон биш үү гэдгийг эртнээс олон нийт хэлэх болсон билээ. Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гадаад өр зээл ДНБ-ний 28,3 хувьтай тэнцэж байгаа нь өндөр үзүүлэлт биш. Зохих түвшиндээ байна. Сэрэмжлүүлэх дээд түвшин 40 хувьтай байдаг гэдгийг тайлбарласнаас үзвэл өрийн талаар өдгөө гишүүд өрвөлзөх шаардлага байхгүй гэдгийг батлаад байгаа бололтой.
Нөгөөтэйгүүр ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд нийгмийн халамжид зориулж 309 тэрбум төгрөг туссан байсанд эргэлзэж лавлах гишүүд байсан бол энэ нь 2012 оны долдугаар сарын 1-нээс үйлчлэх Халамжийн хуульд тусгасан нийгмийн халамж шаардах тодорхой бүлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний хөрөнгийг таван жилээр зааж оруулсан хэмжээ гэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр давхар татварын асуудал хөндөгдсөн. Одоо Монгол Улс 34 оронтой давхар татварын гэрээтэй. Мөн 30-аад оронтой байгуулсан гэрээ нь дууссан байна. Давхар татварын гэрээг ерөнхийд нь цуцлах талаар Засгийн газар ярьсан байна. Ямартай ч Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Тэгэхдээ давын өмнө гадаад өрийн задаргаатай танилцах нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн.
Залгуулан тус байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Түүгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн НӨАТ-ыг багасгаж, 50 сая төгрөгөөс дээш төгрөгөөс авахаар тусгажээ. Ингэснээр 50 сая төгрөгөөс доош орлоготой бол нэг хувиар тооцно. Харин орлогыг нь тодорхойлох боломжгүй ААН, хувь хүний татварыг орон нутгийн ИТХ тогтоож байхаар төсөлд оруулжээ. Гэсэн ч эл хуулийн төслийн хэлэлцүүлгийг хэлэлцэх эсэх дээр санал хураахад гишүүдийн санал тэнцсэн. Тиймээс хэлэлцүүлэг хойшилсон юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн С.Баярцогт уг төслийг хэлэлцэх шаардлагагүй, санхүүгийн жилийн дундуур орж ирсэн татвартай холбоотой хуулийн төсөл дараа жилээс хэрэгжих тул яарах шаардлагагүй. Монгол Улс 2007 онд бүх татвараа 10 хувь болгосон. Нийт 65 мянган аж ахуйн нэгжээс 14 мянга нь НӨАТ-ын 66 хувийг төлж байна. Одоо 50 сая хүртэл, түүнээс дээш гэж дахин хоёр шатлалтай татвартай болгох гэж буй нь буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Мөн гишүүн Д.Загджав татварт дандаа өөрчлөлт оруулаад байх хэрэггүй тул хэлэлцэх шаардлагагүй гэж байсан билээ.
Үүний зэрэгцээ цахим үнэмлэхийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх талаар тус байнгын хороо хэлэлцэж чөлөөлөх хугацааг дахин хагас жилээр сунгахыг гишүүд дэмжсэн. Ингэснээр зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл чөлөөлөөд байсан цахим үнэмлэхийг он дуустал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр болж байгаа юм. Эл эсуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан эцэслэх юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )