Махны нөөц бүрдүүлэлт, хүнсний ногооны хадгалалт, хүлэмжийн тариалалт, сүүний урамшуулалд анхаарах хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд нээгдсэн хүнс, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн ололтыг харуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, техник, хэрэгслийн үзэсгэлэнтэй өнөөдөр  танилцав. Үзэсгэлэнтэй танилцаад сэтгүүлчдэд хандан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн дөрвөн жилд салбартаа гарсан ололтоороо өнөөдөр энд үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан хоёр гурван зүйлийг хэлэхийг хүсч байна.

 

Махны асуудал иргэдийн маань санааг зовоож байна. Үхрийн цул мах 10 000, хонины мах 8000 төгрөг хүрлээ. Ирэх жилээс ийм зүйлийг давтуулахгүй байвал сайн байна. Нөөцөө ахиу бэлтгэж, зохион байгуулалтын асуудлыг зөв шийдвэрлэх хэрэгтэй. Монгол  Улс энэ жилийн төлтэйгөө нийлээд 47 сая малтай болох гэж байна. Тэгэхэд ийм өндөр үнэтэй мах хэрэглэнэ гэдэг буруу юм.

Хоёрт би сүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан. Монгол сүүгээрээ удахгүй өөрийн хэрэгцээг хангах боломжтой гэж бодож байна. Эрчимжсэн аж ахуйн бэлтгэж буй сүүнд урамшуулал олгодог болвол ийм төрлийн аж ахуйн тоо өсөхөөр байна. Одоо Монголд сүүний үйлдвэрлэл дотоодынхоо хэрэгцээг хангахаар байгаа ч нийлүүлэлт алга. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Гурилын хувьд зөвхөн улаан буудайнд тонн тутамд нь 50 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа. Бусад олон төрлийн буудай, тарималуудад ийм урамшуулал олговол тэдгээрийн нэр төрөл, ургацын хэмжээ нэмэгдэх боломж бий. Хүнсний ногоог харж байхад зун тариад  намар хураасны дараа их болсноо өвөл багасчихдаг. Энэ нь хадгалах асуудалтай холбоотой. Дээр нь хүлэмжийн асуудал чухал байна. Ялангуяа  хүлэмжийн аж ахуйг болон  ногоочдоо дэмжвэл энэ ажилд их ахиц дэвшил гарахаар байгаа юм.

Сүүлийн хоёр жилд би газар тариалангийн салбараар явж, 250 дугаар зарлиг гарган Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлээр тодорхой үр дүн гарч байгаад баяртай байна” гэв.

Сурвалжлагчийн “Төр махны үнэ тогтооход оролцож болох уу?” гэсэн асуултад “Нөөцөө зөв бүрдүүлээд, нийлүүлэлтийн завсрын дамжлагуудыг алга болгох хэрэгтэй. Манайд  хоёр зүйлийн нөөцийг зөв бүрдүүлэх чухал шаардлагатай байдаг. Нөгөө нь бензин. Хорин хувийн нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах савыг бэлтгэхэд төр мөнгө гаргах хэрэгтэй. Ингэж байж л асуудлыг шийднэ. Мөн нүүрсээ ашиглах гэх мэтээр ч юмуу өөрийн бензинийг бий болгоход анхаарах хэрэгтэй хэмээлээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top