УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналын томъёоллуудаар санал хураалгав. Төсөлд зарчмын зөрүүтэй 40 гаруй саналын томьёолол болон найруулгын чанартай хэд хэдэн санал байсныг УИХ-ын дарга нэг бүрчлэн сонсгож, гишүүд саналаа өглөө. Өнөөдрийн хувьд гишүүдийн ирц бүрдэлт тааруухан байна.
Шүүхийн захиргааны бүрэн эрх, шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагааны зарчим, шүүх засаглалыг засаглалынх нь хувьд бие даасан байдлыг нь хангах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг эдгээрт тусгасан байна. Хуулийн заалтуудаас цэг, таслал нэмэх хасах, үгийн байрлал солих зэрэг саналууд эдгээрийн дотор цөөнгүй байлаа. Тухайлбал, “шүүгч, шүүгчид хувийн харилцаанд орохгүй байх” гэснийг “хувийн харилцаа тогтоохгүй байх” болгон өөрчлөх зэргээр санал хураалт явууллаа.
А.ТЭМҮР