АН энэ сарын 23-нд нэр дэвшигчдээ тодруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

АН-ын ҮЗХ-ны 37 дахь хурал өчигдөр болж, УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмыг хэлэлцэн орой 10 цаг хүртэл хуралджээ. Сонгуулийн тухай шинэ хуульд нийцүүлэн журам өөрчлөгдөх учраас нэлээд нухацтай суух ч шаардлага үүссэн бололтой.

Журмын өөрчлөлтийн төслийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан бол УИХ-ын гишүүн З.Энхболд журмыг тэр чигт нь өөрчлөх төсөл боловсруулснаа хэлжээ. Ерөнхийд нь авч үзвэл тэдний төслүүд хоорондоо уялдсан боловч З.Энхболд гишүүн хуучин журмыг өөрчлөнө гэхээр асуулт их гарах учраас бүрэн өөрчлөх төсөл санал болгосон юм байна. Гэсэн ч ҮЗХ хэлэлцэж ойлголцохыг илүүд үзэн, Д.Эрдэнэбат даргын төсөл дээр хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.

Түүний танилцуулсан УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмын өөрчлөлт дээр Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм байна.
Ингээд гишүүд удтал хэлэлцсэний эцэст бүх шатны сонгуульд нэр дэвшигч тодруулах журамдаа найман зүйлийн өөрчлөлт оруулахаар санал хураалт явуулжээ. Санал хураалтын үеэр тооллогын комисс ажиллаж, тусгайлан тэмдэглэл хөтлөн, нийт гишүүдийн олонхийн саналаар таван зүйлийн заалт дэмжигдэж, гурван зүйл заалт нь олонхийн дэмжлэг аваагүй байна.
АН-ын ҮЗХ энэ сарын 23-нд болох ҮЗХ-ны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах аж.

А.ТЭМҮР

Top