УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулиар шүүхийн дэргэд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг механизмыг шинээр бий болгох юм. Гэр бүл, хөдөлмөрийн харилцаа, эд хөрөнгийн маргааныг ийм байдлаар шийдвэрлэхэд их тохиромжтой гэж үзжээ. Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзэхэд, анхан шатны шүүхүүд нэг жилд шийдвэрлэдэг 30 гаруй мянган иргэний хэргийн 30-40 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Энэ нь Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа гэж төсөл санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үзжээ. Маргааныг эвийн журмаар шийдвэрлэх шинэ механизмыг бий болгох нь шүүхийн ачааллыг багасгаж, үйл ажиллагааны чанарт ч нөлөөлдөг. Шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулиудын чанар чансааг дээшлүүлэх, хуульчийн ёс зүйг төлөвшүүлэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, өөрөө удирдах ёсны механимзмыг бий болгох зэрэг хуульчидтай холбоотой зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгасан байна.