О.Цолмон нөхрийнхөө салаавч гаргасан бичлэгийг үгүйсгэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

Өчигдөр ШШГЕГ-аас экс Ерөнхийлөгч  Н.Энхбаярыг баривчлагдаж байх хугацаанд эрхэнд нь халдаж хүчирхийлээгүй  гэдгийг  мэдэгдэж , тус байгууллагын  ажилтануудад   Н.Энхбаяр хэрхэн салаавч гарган элдвээр авирлаж байсан тухай бичлэгийг олон нийтэд  дэлгэсэн билээ.  Харин энэ талаар экс Ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмонгийн  телевизийн эфирт утсаар мэдэгдсэн яриаг хүргэж байна.  Тэрээр энэ талаар огт мэдээгүй,  бичлэгийг олж үзээгүй, миний нөхөр тийм хүн биш, тэр бичлэг эвлүүлэг хэмээсэн юм.

О.Цолмон: Би өчнөөн гуйсан, битгий хүчирхийлэл хэрэглэ гэж. Энэ хүчирхийлэл гэдэг чинь муухай шүү дээ. Хамгийн түрүүнд мэдээж манай хүнд дахин дахин хүчирхийлэл хэрэглээд хэн ч байсан юу ч байсан энэ чинь хүн шүү дээ. Тэгээд би зөндөө гуйгаад болоогүй юм. Болдоггүй юм бол би гадаа уулзчихъя л даа. Тэр хүнийг та нар дахиад битгий чирээд аваад яваарай. Нэг удаа чирээд аваад явсан дахиад битгий чирээд яваарай гэж хэлсэн.

Манай хүн хэлсэн л дээ. Анх манай гэрийн гаднаас аваад явахдаа боймилоод ухаан алдуулаад аваад явсан байсан шүү дээ. Тэр үед яг юу болсоныг манай хүн мэдээгүй гэсэн. Та нар боль л доо, бүгдийг нь та нар эхнэртэй, ээжтэй шүү дээ битгий та нар тэг л дээ гэж би аймаар их гуйсан. Дараа нь Батболд гэдэг хүн орж ирсэн. ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга гэнээ. Тэгээд тэр хүн бол тэгсэн юм. “За яахав та тэгж их гуйгаад байгаа бол бид нар бүх хууль дүрмээ зөрчөөд таныг нууцаар шахуу уулзуулья хүний ёсыг бодоод гэсэн юм. Гэхдээ энэ Төв аймгийн хорих байранд уулзуулж чадахгүй ээ бид нар яахав таныг 461 дээр очиход нь эмнэлэг дээр нь нууцаар уулзуулья. Ерөөсөө хүнд хэлж болохгүй шүү. Бид хүний ёсыг бодоод таныг уулзуулж байгаа” гэсэн. Тэгээд 461-р анги руу манай хүү бид хоёрыг явуулаад маш нууцаар хулгайгаар уулзуулсан. Уулзуулсан гэж хэлэх л юм бол бид нар ажилгүй болно шүү гээд гуйгаад байсан. Би ерөөсөө уулзаагүй гэж хэлээгүй гагцхүү би энэ хүмүүсийг л бодсон. Гэтэл энэ хүмүүс сүүлд нь ингэж байгаа байхгүй юу.

Сэтгүүлч: Тэд хэлэхдээ  бидний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн юмыг энэ хугацаанд гаргаагүй. Харин Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө ёс бус авир гаргасан гэсэн бичлэг үзүүллээ л дээ.

О.Цолмон: Хаанаас үзүүлээд байгаан, ШШГЕГ-ынхан камер дээр бичсэн байгаа юм уу. Наад чинь манай хүн биш шүү манай хүн хэзээ ч тийм юм хэлэхгүй. 26 жил цуг амьдрахдаа тийм авир араншин гаргаж байсныг ёстой мэдэхгүй.Наадах чинь монтаж юм биш үү. Би ерөөсөө итгэхгүй байна. Манай хүн тэгэх хүн биш. Эсвэл Энхбаярын дүрээр өөр нэг хүнийг монтажилсан байна уу.

Сэтгүүлч: Тэгж харагдаагүй дээ

О.Цолмон: Гэр бүлдээ л лав тийм биш. Хүн чинь уг нь гэр бүлдээ бүх сайн муугаа гаргадаг шүү дээ. Энэ удаан жил амьдрахдаа энэ хүний амнаас тийм үг гарч байхыг би сонсоочгүй, хараачгүй. Хэрвээ тийм бол Энхбаяр чинь бас эр хүн шүү дээ. Монгол эр хүн чинь ямар их шартай шазууртай билээ. Монгол эр хүнийг доромжилвол түүнээс юу гарахав. Миний өвгөнийг яасан болоод яаж дарамталсан болоод энэ үйлдэл шүүхийнхнээс гарч байнаа. Наадах чинь монтаж байх. Үнэхээр би итгэхгүй байна. Энхбаяр тийм үг гаргадаг хүн мөнүү. Энхбаяр тийм үйлдэл гаргадаг хүн мөнүү гэхчилэн нөхрийнхөө бичлэгийг үгүйсгэлээ.

А.ТЭМҮР

Top