“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мэдэгдэл

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-ийн хүсэлтийн талаар:

 

“Зэс эрдэнийн хувь” компани нь 2010 оны дундаас эхлэн манай үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс гаргах үйлдвэрийг хамтран байгуулахаар тохирсон мэтээр хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилан Орхон аймгийн ард иргэдэд хууль бусаар хувьцаа борлуулж эхэлсэн. Энэхүү хууль бус үйлдлийнхээ бурууг хэн нэгэнд тохох зорилгоор   2011 оны дунд үеэс эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд уг асуудлыг дэмжихгүй, ард иргэдийг хохироож байгаа, уг асуудалд хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байгаа мэтээр мэдээлэл тарааж эхэлсэн. Улмаар жагсаал цуглаан зохион байгуулан,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгат нэвтрүүлэг хийж, байнга дайрч доромжилж байгааг манай иргэд харж сонсож байгаа.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд тэдэнтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2012-5-9-ний өдөр “Зэс эрдэнийн хувь” компанийн төлөөлөлтэй уулзаж, тэдний тавьсан асуудлыг дэмжих боломжийн талаар тавьсан саналуудыг дэмжигчдээсээ нуун дарагдуулж, улмаар улс төрийн болон хувийн зорилготой үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул Монголын ард түмэн болон “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд  үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК энэхүү мэдэгдлийг хийж байна.

1.     “Зэс эрдэнийн хувь” компани нь анх 2010 оны 7-р сарын 05-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нөөцөд байгаа исэлдсэн балансын хүдрийн 8А, 12-р овоолгыг боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах талаар санал ирүүлсэн. “Зэс эрдэнийн хувь” компани анх байгуулагдахдаа ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн овоолгыг ашиглах талаар ямар нэг яриа хэлэлцээр хийж, үйлдвэр байгуулах талаар зөвшилцөөгүй гэдгийг энд зориуд тэмдэглэж байна.  Тэдний асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрэм, Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу компаний зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргадаг журамтайг “Зэс эрдэнийн хувь” компанийн захиралд  удаа дараа албан тоотоор мэдэгдэж байсан. Нийт 17 удаа албан бичгээр хариу өгсөн байна.

2.    Уг асуудлыг анх 2010 оны 11-р сард Зөвлөлийн 44-р хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол, Оросын талуудад танилцуулж, Зөвлөлийн хурлаар бэлтгэл нь хангагдаагүй асуудлыг хэлэлцэх боломжгүй гэдгийг Монгол, Оросын талууд албан тоотоор мэдэгдсэн. Үүний дараа 2011 оны 5-р сард болсон Зөвлөлийн 45-р хурлаар уг асуудлыг хэлэлцээд “Зэс эрдэнийн хувь” компаний саналыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан болно.

3.    “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувь нийлүүлэгч элсүүлэх үйл ажиллагаа нь “Компанийн тухай”  хуулийн 5.2, 43.3,  “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 3.1.13, 7.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөнийг Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос шалган тогтоож  хувь нийлүүлэгчээр бүртгэх ажиллагааг 2011 оны 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн зогсоох шийдвэр гаргасан болно. Гэвч гишүүн элсүүлэх үйл ажиллагаа нь одоо хүртэл үргэлжлэн явагдсаар  байна.

4.    “Эрдэнэт үйлдвэр”-т бий болгосон овоолгуудыг балансын болон балансын бус гэж ангилах бөгөөд “Зэс эрдэнийн хувь” компанийн ашиглах хүсэлт гаргаад байгаа 8а, 12-р овоолгууд нь тэдний ярьж байгаа шиг хог хаягдал биш, 17 орчим сая ам.долл.-ын зардал гарган бий болгосон үйлдвэрт ирээдүйд ашиглах нөөц юм. “Эрдэнэт үйлдвэр” нь энэхүү балансын хүдрийн овоолгуудыг (8а, 12, 4а, 5а, 3б овоолгууд) үйлдвэрийнхээ насжилтыг уртасгах асуудлыг  шийдэх  нэг  нөөц болгон дангаараа ашиглах бодлого баримталж байгаа  юм.

Харин балансын бус хүдрийн овоолгыг (2, 8, 9-р овоолгууд) хамтран ашиглах талаар ”Эрдэнэт үйлдвэр” нь нээлттэй бодлого баримталж байгаа бөгөөд энэ нь “Зэс эрдэнийн хувь” ХХК болон бусад сонирхогчдод нэгэн адил хамаарна. Балансын бус хүдрийн овоолгыг ашиглах талаар “Samsung”, “Bateman engineering”, “Outotec”,  “Golden Associates Inc” зэрэг гадаадын нэр хүндтэй олон байгууллагуудтай хамтран ажиллаж туршилт судалгаа хийж байсан болно.  “Ачит Ихт” ХХК нь Зөвлөлийн 43-р хуралдаанаас балансын бус хүдрийг боловсруулах боломжийг судлах талаар гарсан шийдвэрийн дагуу үйлдвэр байгуулах боломжийг судлах лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт хийх гэрээ байгуулан, эрсдлээ өөрсдөө бүрэн хариуцах нөхцөлтэйгээр ажиллаж байгаа юм.  

5.    Монгол улсын Төрийн өмчийн Хороо 2012.04.26-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг авч хэлэлцэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн 8а, 12-р овоолгыг түшиглэн туршилт, судалгааны ажил явуулах боломж нөхцлийг “Зэс эрдэнийн хувь” ХХК-д олгож, хамтран ажиллах арга хэмжээг авах талаар албан тоотыг ирүүлсэн.

Мөн ТӨХ-оос 2012.05.09-ний өдөр дахин албан тоот ирүүлж, 2012.04.26-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр нь Зөвхөн Монголын талын байр суурь гэдгийг илэрхийлсэн юм. “Зэс эрдэнийн хувь” ХХК-аас тавьж буй асуудлаар гарах шийдвэр нь хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах учраас Оросын талын саналыг авсны үндсэн дээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн.
Гэтэл “Зэс эрдэнийн хувь” компанийн зүгээс ТӨХ-ны 2012.05.09-ний албан бичгийг хуурамч бичиг гэж үзэж байгаагаа 2012.05.11-ний  “Өдрийн сонин”-ы 117-(4132) дугаарт нийтэлсэн нь ор үндэсгүй гүтгэлэг юм. Ийм гүтгэлэг удаа дараа хийж байна. Иймд бид уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, буруутай эдгээдэд хариуцлага тооцуулах арга хэмжээ авах болно.

6.    Энэ асуудлаар Оросын тал байр сууриа илэрхийлж, уг асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэдгээ дахин нотолж мэдэгдлээ. Ийнхүү оролцогч талуудын байр суурь зөрөөтэй  байгаа нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй болж байгаа юм.

7.    2012 оны 5-р сарын 09-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн  удирдлагуудтай тэдний хүсэлтийн дагуу уулзаж, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар ярилцсан. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас доорх саналуудыг тавьсан болно:

1.    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн овоолгуудыг ашиглах бодлогын хүрээнд балансын бус хүдрийн 2, 8, 9-р овоолгуудыг ашиглан туршилт-судалгаа хийх гэрээ байгуулах боломжтойг “Зэс эрдэнийн хувь” ХХК-д санал болгосон байна.  

2.    Энэхүү саналыг хүлээж авахгүй нөхцөлд Төрийн Өмчийн Хорооны шийдвэрийг үндэслэн балансын хүдрийн 8а, 12-р овоолгуудаас туршилт, судалгаа хийхэд зориулан дээж авахыг зөвшөөрсөн санамж бичиг үйлдэх.

3.    Балансын хүдрийн 8а, 12-р овоолгыг ашиглах асуудлыг шийдэхэд Оросын талын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай тул “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн төлөөллийг Оросын талын оролцогчтой уулзуулах асуудлыг ойрын үед зохион байгуулах, шаардлагатай бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас зохих мэргэжилтнүүдийг хамт явуулах саналыг тавьсан юм.

Эдгээр саналуудын талаар н. Алтанхуяг нь өөрсдийн хүмүүстэй зөвлөлдөж, шийдвэрээ бичгээр мэдэгдэхээр тохиролцсон болно. Гэтэл хариу өгөлгүй, уулзалтын дараа өдөр буюу 2012.05.10-нд Улаанбаатар хотод жагсаал цуглаан зохион байгуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригийг хуулиа биелүүлэхийг шаардаж байна гэж мэдэгдэж байгаа нь ойлгомжгүй байна.
Тухайн асуудлыг шийдэх боломжийн талаар Эрдэнэт үйлдвэрийн тавьсан саналыг н. Алтангэрэл нь өөрийн компанийн хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд үнэнээр нь мэдэгдэхгүй нуун дарагдуулж, улмаар улс төрийн болон хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаа явуулж эхэлснийг “Эрдэнэт үйлдвэр” эсэргүүцэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.  



“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК
 

Top