Маргаантай, өрсөлдөөнтэй байсан зарим тойргуудын нэр дэвшигчид тодорхой болж эхэллээ. Өнөөдөр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын хороо хуралджээ. Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд асан Б. Ариунсан АН-аас Говь-Алтайд нэр дэвшихээр болсон байна. Түүнийг нэр дэвшүүлэхээр намын хорооны гишүүдийн 54 хувь нь саналаа өгчээ. Б.Ариунсангийн хүчтэй өрсөлдөгч Амгалан 10 хүний санал, МОҮНТВ-ийн захирал Ц.Оюундарь мөн арван хүний санал авсан байна. Аймгийнхаа намын хорооноос ийнхүү илт давуу ялалт байгуулж гарч Б.Ариунсанг АН-ын удирдлагууд дэмжих магадлал маш өндөр. Учир нь Ардчилсан нам Хамтарсан Засгийн Газраас гарах үед тухайн үед ЭБЭХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан тэрээр нефтийн компанийн удирдлагуудтай үгсэн бензин шатахууны үнийг нэмж шоудсан хэмээн хэл ам тарьсан. Үүний дараа бидний мэдэж байгаагаар Б.Ариунсангийн рейтинг дээшилж, ард түмний халаас хоосорсон юм. Харин одоо түүнтэй хэн өрсөлдөх вэ гэдэг асуудал ид яригдаж байгаа. Говь-Алтай аймгийн сонгогчдын дунд энэ цаг үед хамгийн өндөр рейтингтэй яваа Батлан хамгаалах яамны сайд Ж.Энхбаяр МАН-аас нэр дэвших нь тодорхой болсон байна. Энэ сургаар 2008 оны сонгуульд түүнтэй хамт гарч ирсэн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Говь-Алтайд бие даан нэр дэвшихээр бүх сумдаас гарын үсэг цуглуулж эхэлсэн сурагтай. Сонгуулийн хуулиар бие даан нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулж чадвал сонгуульд өрсөлдөх эрхтэй болдог. Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр Ц.Дашдорж бүх түвшинд хор найруулж байсан ч төдийлөн амжилт олсонгүй. Намдаа гологдсон тэрээр ийнхүү улс төрийн карьерийнхаа сүүлийн хувилбар, бие даан нэр дэвших шийдвэрийг гаргав бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )