Энэ жилийн хувьд УИХ-ын дөрөвдүгээр тойрог Булган аймаг нэг мандаттайгаар сонгуульд оролцоно. Ганц мандаттай тус тойрогт нэр дэвшихийг горилогчид нэлээд олон байгаа нь хүндхэн тойргуудын нэг хэмээгдэхэд хүргэсэн болов уу. МАН-аас УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав, БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа гэсэн таван том кадр ганц мандатын төлөө өрсөлдөж байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Эрхэмбаяр, Р.Бадамдамдин нарын экс гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй болон тамгын газрын ажилтан н.Болормаа, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын нэр яригдаж байгаа. Ардчилсан намаас Булганд нэр дэвших нэрс олон ч нэдэр дээрээ ялах магадлалтай горилогч байхгүй гэдгийг АН бодлогын хүрээндээ аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихөөд байгаа гэнэ.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд улс төрийн нам, эвслүүд нийт нэр дэвшигчдийн 20 хувиас дээш хэсгийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэхээр заасан. Олон жилийн турш намдаа өргөсөн хандивын хэмжээ, эмэгтэй квотоороо ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав гарах магадлал өндөртэй яваа. Хэрэв Гарамжав олонхийн санал авч чадвал Э.Мөнх-Очир, Ё.Отгонбаяр нар жагсаалт руу орж таарна. НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаагийн нэр ч намын 28-ын жагсаалтанд орохоор яригдаж байгаа аж. Эцсийн шийдвэр энэ сарын 23-нд болох МАН-ын Бага хурлаар шийдэгдэнэ. Булган аймгаас 2004, 2008 онд сонгогдож байсан УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хувьд Булганд ялалт байгуулах магадлал багатай байгаа. Учир нь энэ удаагийн сонгуулиар нэг мандаттай болсон Булганы тойрогт тун ширүүн өрсөлдөөн болох нь тодорхой болсноос гадна сонгогчид шинэ хүнийг илүү хүлээж авах хандлагатай байгаа ажээ. Улс төрийн карьер нь дуусах тийшээ хандаад буй түүний хувьд МАХН, МҮАН-ын “Шударга ёс-эвсэл”ээс нэр дэвших, эс бөгөөс бие даан өрсөлдөх гэсэн хоёр зам үлдэж байгаа бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )