Х.Тэмүүжинг голж “Мон-Уран”-ы Наранхүүг сонгож байгаа АН-ын бодлого юу вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 Ойрын үед  нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх  нэр дэвшигчидээ   ээлж дараалан тодруулж  байна.   УИХ-ын танхимд хориод жилийг элээж буй “хуучин бурхи”-нуудаас гадна  шинэ нэр дэвшигчдээр хэн тодрох нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татаж байгаа юм. Ирэх дөрвөн жил төр барих эрхэм түшээгээр ард түмэн Х.Тэмүүжин шиг, Лу.Гантөмөр шиг, Ж.Энхбаяр шиг, Ж.Батзандан шиг,С.Бямбацогт шиг   шударга залуучуудыг нам хамааралгүйгээр улс төрд гаргахыг хүсэж байгаа нь мэдээж.   Их хурал дахь наймхан хуульчдын нэг,  УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжинг намын анхан шатны нэгж нь  батламжлаагүйгээс,  тэрээр тойроггүй хоцорчээ.  Тэрээр дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргээс анх сонгогдохдоо  Монголд хариуцлага, шударга ёс, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгадаггүй байх тэр л орчинг бүрдүүлэхээр ажиллана гэж амлаж байсан.  Х.Тэмүүжин  амласандаа хүрч олон хуулийн төсөл санаачилсаны дундаас  улс төрчдийн  гурван жилийн турш батлахаас эмээж, зүрхшээж байсан Ашиг сонирхлын хуулийг  батлуулж чадсан нь түүнийг хэр хуульч вэ гэдгийг харуулах биз.  Улс төрчид өөрсдийнхөө эсрэг хууль батлахгүй хэмээн  уг хуулийг батлахад багагүй саад учирсан гэдэг.  Баянгол дүүргээсээ жийгдэж, тойроггүй хоцорсон Тэмүүжинг аваад хаячихъя. Оронд нь хэн Их хуралд  суух вэ, “Мон –Уран”-ы Б.Наранхүү юу?

Газрын наймааны хамгийн том луйварчин,  хурдан морь,  хүүхэн хоёрт баруун солгойгүй мөнгө цацдаг  гэх зэргээр цоллуулдаг МАН-аас угшилтай түүнийг Дундговийн   Ардчилсан намынхан УИХ-ын сонгуульд   нэр  дэвшүүлээд байгаа.  Б. Наранхүү ч  нэр дэвшихийн өмнө бүх өр төлбөрөө дуусгаж, нэрээ цэвэрлэсэн  гэнэ. Түүнийг дампуурч хэрэг нь шалгагдаад байгаа”Анод” банкнаас 22 тэрбум төгрөг зээлж, “Дүнжингарав” худалдааны төвийг барьсан гэдэг.  Шударга хуульч Тэмүүжинг шоовдорлож АН-ын анхан шатны нэгж  ийм л нөхөрт итгэл хүлээлгэн төрийн жолоог атгуулахаар санал нэгджээ.  Ямартай ч энэ мэт сонголт нь  тус намын рейтингийг  нам унагаж, Х.Тэмүүжингийн хувийн рейтингийг чамгүй өсгөв бололтой.  Улирч буй парламентад Хамтарсан Засгийн газар байгуулж, сөрөг хүчний үүргээ умартсан гэмтэй  Ардчилсан намын бодлого юу вэ? Хүүхэнчин, луйварчин нөхрийг төрд гарахыг дэмжиж, хууль шиг хууль гаргахын төлөө чармайн ажиллаж байгаа  Тэмүүжинг  цааш түлхсэнээрээ Ардчилсан нам Олигархийн нам гэдгээ нотлов бололтой.  

 Г.Энхтуяа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top