Өчигдөр улс төр мэдээллийн төвд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны зохицуулагч Х.Оюунцэцэг, “Анод”, “Зоос” банкны хохирогчдын тэргүүн Б.Цэрэнжав, “Монгол шуудан” банкны үүсгэн байгуулагч Н.Батсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд арилжааны жижиг банкуудын дампууралд төрийн зүтгэлтнүүдийг буруутгаж байгаа аж.
Тухайлбал экс Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн Д.Зоригт, С.Баярцогт нарыг 2012 оны сонгуульд өрсөлдүүлэхгүй байхыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Санхүүгийн Зохицуулах хорооны ерөнхийлөгч Д.Баярсайхан, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын албан тушаалыг түтгэлзүүлж, Авлигатай тэмцэх газарт шалгуулж эрүүгийн хариуцлага тооцох ёстой гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн юм.
Энэ үеэр “Анод”,” Зоос” банкны хувьцаа эзэмшигч, эдийн засагч Б.Цэрэнжавтай цөөн хором ярилцлаа.
-Гурван банкны хохирогчид хэчнээн хүн байна, нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ?
- Нийт 2000 гаруй хүн хохирогч болсон. “Анод” банкны 1260 хувьцаа эзэмшигчид 9.3 тэрбум төгрөг, “Зоос” банкны 628 ширхэг хувьцаа эзэмшигчид 7 сая төгрөг, “Монгол шуудан” банкны 300гаруй хохирогчид 3 гаруй тэрбум төгрөгөөр хохирчихоод байна.
-Өнөөдөр С.Баяр, Д.Зоригт, С.Баярцогт нарыг яагаад 2012 оны сонгуульд орох эрхгүй гэж үзэж байгаа юм бэ?
-2009 оны долдугаар сард “Зоос” банкыг Европын сэргээн босгох хөгжлийн банкны таван хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж удирдсан. Үүнээс өмнө Монголын баг удирдаж байхад хагас жилийн 348 сая төгрөгийн (эхний зургаан сард) ашигтай ажиллаж байсан. Гэтэл гуравдугаар улиралд Европын сэргээн босгох банкныхан ажиллах хугацаандаа 22 тэрбум төгрөгний алдагдал гаргасан. ТУЗ-д асуудал ярилгүйгээр зарим нэг бичилтүүдийг тухайн үед “Зоос” банкны гүйцэтгэх захирал байсан н.Туринбул нь “Монгол банк”-ны тэргүүн н.Энхцогтой тохиролцсоныг 10 сарын үед ард түмэнд ил болгосон. Энэ үед С.Баярцогт Европын сэргээн босголтын банктай нууцлалын гэрээ байгуулаад банкыг өөрчилье гэдгийг ярьсан байдаг. Эдгээр нөхдүүд ”Зоос” банкны эзэмшигчдийн хөрөнгийг хууль бусаар нийгэмчилж авсан гэж би ойлгож байна.
-Одоо гурван банкны асуудал дээр шүүхээс ямар шийдвэр гарсан бэ?
- “Монгол шуудан” банкны асуудал Дээд шүүх хүртэл явсан. Гэтэл одоо буцаад анхан шатны шүүхийн шийдвэр яригдаж байгаа. Харин “Анод” банкны хэрэг нийслэлийн прокурор дээр 130 гаруй хавтастай хэрэг дөрөвдүгээр сард хугацаа нь дууссан. Одоо хугацаагаа сунгачихсан байна. Ер нь ард түмнээ ядрааж, залхааж сурчихсан нь эндээс харагдаж байна.
Хохирогчдын холбооны төлөөлөлөгчид УИХ-ын гишүүн Д.Зоригт, "Дархан Алт" ХХК-ийн захирал Ж.Мөнхтөр нарыг 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үзлээ.
Хохирогчид Хүн амын орлогын албан татвараа бүрэн төлөх, “Монгол Шуудан” банкны хувь нийлүүлэгчид, үүсгэн байгуулагчдийн 17 жилийн бодит ноогдол ашиг өгөхийг шаардаж байлаа. Дээрх шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд “Зоос”, “Анод”, “Монгол Шуудан” банкны хохирогчдын холбоо сонгуулийн ерөнхий хороонд суулт хийхээ мэдэгдсэн юм.
Х. Даваа
Сэтгэгдэл ( 0 )