Хууль зүйн, дотоод хэргийн яамны нээлттэй өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

“Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Хууль зүйн, дотоод хэргийн яамны нээлттэй өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгийн нээлтэд хүрэлцэн ирсэн тус яамны дэд сайд В.Удвал “ХЗДХЯ нь өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Манай яамны харьяа 12 агентлаг бий. Тухайлбал “Хил хамгаалах ерөнхий газар” нь бидний аюулгүй байдлыг хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэ байгууллага өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн Архивын цогцолбор байгуулж, төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг барьж байна. Нийт агентлаг салбарынхаа албан хаагчдын нийгмийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 500 гаруй ажиллагсдын орон сууцыг хувьчилж өгсөн. Түүнчлэн хоригдож буй хүмүүст мэргэжил олгох зорилготой сургалт үйлдвэрлэлийн төвийг нээсэн” гэлээ.

Энэ үеэр “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гээс явуулж буй арга хэмжээ олны анхаарлыг татаж байв. Гарынх нь дардсыг цаасан дээр буулган өгч байсанд иргэд сэтгэл хангалуун буцаж байлаа.

ХЗДХЯ-наас иргэдэд төрсний гэрчилгээ, нас баралтын гэрчилгээ, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг үнэ төлбөргүй нотариатаар баталж өгч байсан юм. Мөн УБЕГ-аас бүх төрлийн лавлагааг олгож байв. Үүнээс 130 гаруй иргэд төрсний гэрчилгээний лавлагаа авсан тухай албаны хүн мэдээллээ.

ЦЕГ-аас ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолтыг 200 гаруй хүн авчээ. Түүнчлэн жолооны үнэмлэхээ хаяж гээсэн, үрэгдүүлсэн материалын хүсэлтийг 50 гаруй иргэдээс хүлээн авсан байна.

Х.Даваа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top