Хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдээд байна. Хаа сайгүй ашиг сонирхлын зөрчил үүсэх болсон. Үүний нэг нь Сонгуулийн ерөнхий хорооныхон, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийг боогдуулсан журам гаргасан байна. Хэвлэлийн эрх чөлөөгөө боогдуулаад байгаа ХМХ нь кабелийн сувгаар нэвтрүүлгээ цацдаг 14 телевиз юм. УИХ-ын 2012 оны сонгууль, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг агаарын долгионоор цацдаг телевиз, радиогоор л гаргахыг хүсчээ. Харин кабелийн телевизүүдэд УИХ-ын 2012 оны сонгууль огт хамаагүй гэсэн үүднээс хандаж байна. Тиймээс Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Амгалан, “Шонхор” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан, “Шууд” телевизийн захирал Ж.Соёл-Эрдэнэ, “Парламентын суваг” телевизийн захирал Т.Төрмаа нар өчигдөр нийт суваг телевизүүдийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Эдгээр суваг телевизүүдээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосноороо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монополийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. “Шонхор” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан хэлэхдээ “Харилцаа, холбооны зохицуулах хороо нь Ерөнхий сайдын мэдэлд байдаг Засгийн газрын тохируулагч агентлаг. Тийм учраас бид энэхүү журмаа цуцлах шаарлдлагыг Ерөнхий сайдад тавина. Хуулиас давсан журам гэж хаана ч байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж байгаа энэ үйлдлийг зогсоож өгөхийг Ерөнхий сайдаас хүсье” гэсэн юм.

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top