Өнөөдөр 15 цагаас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл шуудан харилцааны технологийн газар, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар болон бусад холбогдох газрууд хамтарч УИХ-ын 2012 оны сонгуулийн кампанит ажил эхэлсэнтэй холбогдуулан вэб сайтын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр сонгуулийн хугацаанд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах талаар нэгдсэн ойлголттой болох, сонгуулийн хугацаанд буюу VI сарын 1-нээс VII сарын 2 хүртэл вэб сайтуудын сэтгэгдлийг бүрмөсөн хаах талаар голчлон хэлэлцлээ. Уулзалтын эхэнд зохион байгуулагчид “Хүний наймаанд уриалах, садар самууныг сурталчлах, насанд хүрээгүй хүүхдүүдийг ёс бус мэдээлэл олж авах нөхцлийг бий болгож хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн" гэсэн үндэслэлээр ”Zaazuur.com” сайтыг хаасан тухай онцолсон юм. Вэб сайтууд гарсан мэдээллийнхээ дор сэтгэгдэлтэй байх нь “Долдугаар сарын 1-н давтагдах үндэс болохын зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын эмзэг байдлыг дэврээнэ гэж үзэж байгаагаа зохион байгуулагч талууд мэдэгдэж байв. Мөн сэтгэгдлийн зай талбай төрөл бүрийн гэмт хэрэг үйлдэгдэх орчин болж байгааг хэлсэн юм.
Цахим сэтгүүлзүйн хэвлэмэл сонин хэвлэлээс ялгарах гол онцлог болсон сэтгэгдлийг сонгуулийн хугацаанд бүрмөсөн хаах нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа төдийгүй цаашдаа сайтуудын амыг барих гэсэн оролдлого, улс төрчдийн захиалга хэмээн үзэж байгаагаа вэб сайтуудын төлөөллүүд илэрхийлж дээрх саналыг хүчтэй эсэргүүцэв. Талууд хэсэг хугацаанд маргалдсаны эцэст сэтгэгдэлд бусдыг гүжирдэн доромжилсон зүй бус үг хэллэгийг хориглох, байнга бусдыг доромжилж сэтгэгдэл бичдэг тодорхой ip хаягийг зохих хүчний байгууллагад өгөх, сонгуулийн үеэр үгийн санд үг нэмэх зэрэг дээр санал нэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөсөн юм. Сайтуудын мэдээллийн доор бичигддэг уншигчдын сэтгэгдлийг тодорхой хугацаанд бүрмөсөн хаах асуудал энэ удаадаа урьдын хэвээр үлдсэн ч мэдээллийн дагуу уншигчийн бичсэн сэтгэгдэлд тухайн сайт хариуцлага хүлээнэ гэсэн заалт тодорхой хариултгүй үлдлээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )