20 гаруй жилийн өмнө татан буугдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар сэргээн байгуулах шийдвэр гарсан. Энэ байгууллагын байрлаж, үйл ажиллагаа явуулах Багшийн хөгжлийн ордны нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой биш монгол толгой хөгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэлсэн. Тиймээс ч тэрбээр Засгийн газрын тэргүүний албыг аваад хамгийн анхлан боловсролын салбарынхантай уулзаж “Монгол Улсаа хөгжлүүлэхийн төлөө олон ажил хийх ёстойгийн хамгийн чухал нь боловсролын салбартаа нэн тэргүүнд анхаарал тавих юм” гэж онцолж байлаа.
Засгийн газрын тэргүүн энэ үгээ үүдээ нээж эздээ хүлээн авч байгаа Багшийн хөгжлийн ордны нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ дахин хэллээ. Ингэхдээ Монгол Улсыг хөгжүүлэхэд байгалийн баялаг зэрэг бидний давуу тал мэдээж түлхэц өгнө. Гэхдээ хамгийн гол хөдөлгөгч хүч бол боловсролтой, өрсөлдөх чадвартай монгол хүн юм. Улс орон маань эрчимтэй хөгжлийн гараанд дээр ирсэн энэ үед дэлхийн хөгжилтэй хөл нийлэх, мөр зэрэгцэн алхах боловсон хүчнийг бид бэлтгэх учиртай. Тиймээс ч ерөнхий боловсролын сургуулийн сургалтад Кембрижийн стандарт нэвтрүүлж эхлүүлсэн гэдгээ Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэлээ.
Энэ зорилт, бидний эхлүүлсэн ажил багш нар маань өрсөлдөх чадвартай, мэдлэг, боловсролтой монгол хүнийг бэлтгэх, ийм хэмжээний мэдлэг олгох чадвартай, заах арга зүйтэй байх аваас бодитой хэрэгжинэ. Тиймээс ч Засгийн газар багш нарынхаа цалин тэтгэвэр, нийгмийн асуудалд нэн тэргүүнд анхаарч ажиллаж байна. Үүний нэг илэрхийлэл нь өнөөдөр нээлтээ хийж буй Багшийн хөгжлийн ордон юм гэж Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа. Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагсдад сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгохоор болсон.
Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэхээр болсон зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн гэдгээ ч Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдлаа. Багш нар ур чадвараа дээшлүүлэх, нэг нэгнээсээ төдийгүй дэлхий ертөнцийн дэвшил хөгжлөөс суралцах боломж болгох энэ ордон Монгол Улсын хөгжлийн ордон байх болтугай гэсэн ерөөлийг Засгийн газрын тэргүүн С.Батболд дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )