Япон улсын Ерөнхий сайдыг айлчлана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

“Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 40 жилийн ой тохиож байгаа энэ онд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода Монгол Улсад айлчлана гэдэгт Засгийн газар итгэж байна. Үүнийг ажил хэрэг болгоход хоёр улсын Гадаад яамны хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэж Шадар сайд М.Энхболд хэллээ. Тухайлбал Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2006 оны 3 дугаар сард Япон Улсын Ерөнхий сайд Ж.Койзумиг эх орондоо айлчлахыг урихад богинохон хугацааны дараа буюу 7 дугаар сард хүрэлцэн ирж байсан нь Гадаад яам хоорондын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой байсан гэдгийг тэрээр жишээ болгов.

Шадар сайд М.Энхболд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Япон Улсын Гадаад хэргийн яамны Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудын санхүү, хангамжийг хариуцах хэлтсийн дэд захирал Ж.Наназава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа энэ тухай хэллээ.  Манай Гадаад харилцааны яам Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнуудыг айлчлуулах хөтөлбөр санаачлан 1998 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Эх орноо танилцуулах,  тус улсын Гадаад хэргийн яаманд Монголын “Лобби”г өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн хүрээнд  энэ удаа Ж.Наназава тэргүүтэй төлөөлөгчид 3 хоногийн хугацаатай айлчилж байна.

Шадар сайд М.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхээр тохирч, Хамтарсан мэдэгдэл гаргасан нь бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болсон. Энэ хүрээнд цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалт, тухайлбал уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Япон Улсын хөрөнгө, дэвшилтэт техник, технологи зэргийг нэвтрүүлж, харилцан ашигтай, бие биенээ нөхөн ажиллах нь чухал” гэлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг зохион байгуулах хорооны даргын хувьд харилцан ойлголцол, итгэлцлийг гүнгийрүүлэх чиглэлээр олон ажил хийж байна. Япон Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал ч үүнд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Дээрх хөтөлбөрийн хүрээнд өмнө нь манай оронд айлчилж байсан ажилтнууд одоо улсынхаа Гадаад хэргийн яаманд хэлтэс, газрын дарга, түүнээс дээш албан тушаал хашиж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top