Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх, үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, “Алдарт эх” одонгоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нарыг шагналаа. Ерөнхийлөгч тэдний төлөөлөл болсон 21 ээжид “Алдарт эх” одонг нь өнөөдөр төрийн ордонд гардуулж баяр хүргэсэн юм.
Ерөнхийлөгч ээж бүрт амьд цэцгийн баглаа өргөн барьж, баяр хүргэн үг хэлэхдээ “Өнөөдөр төрийнхөө ордонд эх үрсийн баяраа тохиолдуулан “Алдарт эх”-ийн одонгоо гардан авч байгаа элбэрэлт ээжүүддээ баяр хүргэе. Мөн энэхүү ариун нандин шагнал гэж болох эхийн одонгоор энэ жил шагнагдаж буй эх орны маань өнцөг булан бүрт байгаа ээжүүддээ баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр Монгол түмний төрт ёсны уламжлалт их шүтээн Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө олон сайхан үр хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 21 ээж “Алдарт эх””-ийн одонтойгоо зогсож байна. Тэдний дундаас 24 настай 4 хүүхэд төрүүлэн өсгөж буй залуухан ээж Батзоригийн Золзаяа, 88 настай буурал Дандарын Дуламсүрэн гуай хоёрыг онцлон дурдахыг хүсч байна. “Алдарт эх”-ийн одонгийн болзлыг бууруулж 4 хүүхэд төрүүлсэн ээжийг хоёрдугаар одонгоор, 6 хүүхэд төрүүлсэн ээжийг нэгдүгээр одонгоор шагнах шийдвэр гарснаас хойш 2011 онд 130.000 ээж, энэ жил 12.480 ээж “Алдарт эх”-ийн одон хүртээд байна.
Ерөнхийлөгчийн хувьд миний бие “Монголчуудаа олуулаа болъё” гэсэн уриалгыг дэвшүүлээд байгаа. Энэ уриалга бол Монгол хүн нэг бүрт хандсан улс үндэстнийхээ ирээдүйд чиглэсэн бодлого юм. Ингээд маргааш болох эх үрсийн баярыг тохиолдуулан нийт эхчүүд, эмэгтэйчүүддээ болон охид бүсгүйчүүддээ, мөн алдрай бяцхан үрсдээ эх үрсийн баярын халуун мэндийг хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )