”Глоб” Ж.Мэндбаярын менежер сэтгэлгээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

 

Хэдэн жилийн өмнө  дуулиан тарьж байсан Хадгаламж зээлийн хоршооны хэргүүд ар араасаа замхарч, төрөөс хохирогч нарт хохирлынх нь тавин хувийг олгож, их хэмжээний хөрөнгө мөнгө залилсан хэмээн чичлүүлж байсан хүмүүс өнөөдөр наранд эрх чөлөөгөө эдэлж явна. Тэднээс тун цөөхөн нь өнөөдөр хоригдож байгаагийн нэг болох  ШШГЕГ-ын харьяа Багануур дахь чанга дэглэмтэй  427 дугаар хорих ангид ял эдэлж буй  "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч асан Ж.Мэндбаяр дэглэм бууруулахыг шаардаж өлсгөлөн зарласан талаар сонин хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр авсан мэдээллээр түүний дэглэмийг бууруулахаар болсон аж.

Тэрээр экс Ерөнхийлөгч эрхмийг дууриасан бус, аргаа бараад, шударга бус явдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126-р зүйлийн 9-д зааснаар дэглэмийг нь бууруулах хангалттай үндэслэл байсан хэдий ч зарим эрх мэдэлтнүүд өр төлбөртэй хүмүүсийн дэглэмийг буулгах талаар гаргасан Улсын ерөнхий прокурорын албан даалгаврыг хуулиас гажуудуулж, мушгин гуйвуулсны уршгаар түүний дэглэм буурах хугацаа нэг жил таван сараар хэтэрчээ. Энэ мэтээр зарим нэгэн хуулийн байгууллагуудын удирдлагын буруутай үйлдлээс шалтгаалан хичнээн хоригдлын эрх  зөрчигдөж байгааг анзааран нягтлах цаг болсон бус уу.

Тэрээр  12 тэрбумын хохиролтой, 1000 гаруй хохирогчтой энэ залуу “Намайг шоронгоос суллах л юм бол 12 тэрбум төгрөгийг хоёр жилийн дотор төлөөд барагдуулчихна. Төр миний өмнөөс өр төлөх хэрэггүй” хэмээн зоригтойгоор мэдэгдэж, өлсгөлөн хүртэл зарлаж байсан цорын ганц ХЗХ-ны эзэн.   Одоогийн байдлаар 1 тэрбум 989 сая төгрөгийн өр төлбөр барагдуулаад байгаа аж.  

 Түүнчлэн 10 жилийн ял сонсч, таван жил хорих ангид суугаад буй тэрбээр “Дахиад таван жил хав дарахад харамсалтай төслүүд надад байна. Миний хувьд үлдсэн  хэдэн төгрөгөө төлөхийн тулд ямар нэгэн ажил эрхлэх хэрэгтэй байна. Гэтэл энд 10 тэрбум байтугай 10 төгрөгийн цалинтай ажил ч алга. Ер нь ялын тэдэн хувийг эдэлсэн бол хохиролтой байсан ч суллаж, хугацаандаа хохирлоо төлөх боломж олгоно гэсэн болзлыг хорихоос өмнө тавимаар байна ”  хэмээн саналаа мэдэгдэж байжээ. Мөн тодорхой хэмжээний орон сууцны болон улс оронд ашигтай төсөл боловсруулаад, зохиогчийн эрх эдлээд, ялтнуудаар барилга бариулан,өөрийн зүгээс олсон орлогоо өр төлбөртөө шилжүүлж байя гэсэн саналыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржид тавьж байгаа аж. Үүнийг хэрхэн шийдвэрлэж буй талаар түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар биечлэн хөөцөлдөж байгаа юм байна. Тэрээр “Хорихоос төсөл бичиж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хүн зүгээр сууж байгаа ялтнуудыг ажиллуулж өрөө төлөх санал гаргаж байгаа нь хичнээн сайн бэ. Шоронд хүмүүжиж байгаа 8000 гаруй хоригдлыг зүгээр тэжээж байхаар тодорхой хэмжээний хөдөлмөр эрхлүүлж байвал зүгээр юм. Энэ бол манай улсын хувьд цоо шинэ хандлага. Бусад оронд иймэрхүү зүйлийг хэрэгжүүлдэг. Хоригдлуудын гарыг хумхиулаад суулгүй, эрүүл сийрэг толгойг нь ашиглах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна.Мөн “Ж.Мэндбаяр бол сайн менежер. Монгол улсын шилдэг менежерийг өмгөөлж байгаадаа бахархалтай байна” гэж сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Багануур дүүргийн прокурорын газраас дэглэмийг бууруулах тодорхойлолт гаргаад Багануур дүүргийн шүүхэд өгөөд байгаа аж. Асуудлыг шийдэхэд шуурхай бодитой хандаж, эрүүл сэтгэлгээгээр шийдвэрлэж буй залуу прокурор Л.Цогтхүүд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.

Д.Мягмарсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top