“Утаагүй, тоосгүй Улаанбаатарыг бий болгох баг ялаасай” гэсэн үгс сүүлийн үед хэвлэлийн нүүрийг чимэх боллоо. Энэ нь НИТХ-д өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн пиар бололтой. Улсын баатар Э.Бат-Үүл хотын утаанаас, хотын амьдралаас зугатааж 10 жил явсан. Сүүлийн хоёр гурван сонгуульд дандаа л Сэлэнгээс сонгогддог Сэлэнгийн тракторчид комбайнчдын эрх ашгийг хамгаалдаг ийм л хүн. Харин саяхнаас мань хүн хотод хайртай болов. Хайртай болохдоо гэнэт хачин их хайртай болчихлоо. Тэрээр улсын баатар цол авснаа өөрөө ч тайлбарлаж чаддаггүй. Ер нь хэн ч тайлбарлаж чаддаггүй. Яагаад улсын баатар юм бэ гэж. Улсын баатар гэдэг бол эх орон ард түмнийхээ төлөө хамгийн их цогтой тэмцсэн, эх орончдод өгдөг ийм зүтгэл. Э.Бат-Үүл өөрийнхөө улс төрийн карьерийн төлөө Сэлэнгийн тракторчидтай нийлж Улаанбаатар хотынхоо төв талбай дээр тос масло гоожуулж, олон тракторын утаагаар Улаанбаатар хотын өнгийг бохирдуулж, утаагаар чимэглэж байсан ийм л хүн. Өнөөдөр гэнэт нийслэлд хайртай болоод Улаанбаатарын утааг багасгаж хогноос салгах юм гэнэ. Бат-Үүлийн урьд нь хийж байсан үйлдэл, өнөөдөр хийж байгаагаас нэг л дүгнэлт хийж болно. Сэлэнгээс нэр дэвшлээ ч гарах шаансгүй гэдгээ мэдэрсэн мань эр улс төрийн сүүлчийн карьерээ УБ хотод буюу өөрийнхөө төрсөн нутагт ирж өнгөрүүлнэ гэж үзжээ. Ер нь адуу ядрахаараа нутаг руугаа гүйдэг шиг Э.Бат-Үүл улс төрийн сүүлийн карьерээ нийслэлд өнгөрүүлэх учраас хотод хачин элгэмсүү болсон нь хэнд ч илэрхий байна. Сэлэнгэд тэр хэзээ ч хайртай байгаагүйгээ үүгээр нотлов. Нийслэлийн орлого ашиг өсч байгаа. НИТХ асар том эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Нийслэл өөрийнхөө төсвийг өөрөө захиран зарцуулах эрхтэй болсон. Нийслэлийн төсвийг нийслэлд нь үлдээе гэсэн уриалгыг гаргасан. Энэ нь ч зөв юм. Энэ бүхэн Э.Бат-Үүлийг урин дуудаж Улаанбаатар хотын дарга болохоор идэвхийлэн зүтгэж эхэллээ. Нийслэлд Ардчилсан нам ялна уу байна уу Бат-Үүлд ямар ч падлий байхгүй. Зүгээр л өөрийнхөө амьдрах замыг засч байна уу гэх хар төрөх болсныг нуух юун. Улаанбаатар хотын иргэд Э.Бат-Үүлийн сайхан үг, буурал толгой хоёрт хууртахаасаа илүүтэй аль нам нь хамаагүй НИТХ-д улс орноо гэсэн сэтгэлтэй залуучуудыг илүү түрж оруулмаар байна. Дээрээс нь гуравдагч хүчин ИЗ-НН, МАХН бие даагч нараас сонгогчид маань анхааралтай харж үнэхээр юм хийчихээр нийслэлд яваад байгаа олон замын тендерийн булхай, янз бүрийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг илчилчихээр, нийслэлд үнэн сэтгэлээсээ хүчээ өргөх тийм шударга хүмүүсийг сонгох хэрэгтэй. Бат-Үүл л лав биш шүү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )