- Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа- Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр Засгийн газар дорвитой шийдвэр гаргалаа. Цаашид хуулийг хэрэгжүүлэхийн тулд харилцан уялдаатай байж, түргэн шуурхай ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд холбогдох яамд, агентлагын удирдлагуудад анхааруулсан байна. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд М.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо. Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоогоод байсан юм. ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДРИЙГ “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ГЭЖ НЭРЛЭЛЭЭ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтсон байна. Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон юм. ХОРИХ АНГИЙН ТӨРӨЛ ДЭГЛЭМИЙГ ӨӨР ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛНЭ Хорих ангийн төрөл дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын явц, үр дүнг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг сайд Ц.Нямдоржид даалгав. Мөн шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, санхүүгийн бусад эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлж байхаар болжээ. Нээлттэй хорих ангид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж ял шийтгүүлсэн насанд хүрсэн эрэгтэй, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэй ялтны ялыг эдлүүлэх юм. Гэхдээ өмнө нь хорих ял эдэлж байсан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй ялтан, хүнд, онц хүнд хэрэг үйлдсэн, онц аюултай хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангийн хаалттай хэсэгт эдлүүлэх юм байна. Түүнчлэн санамсар болгоомжгүйгэаэр болон бусад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүн нээлттэй дэглэмтэй хорих ангид ялаа эдлэх нь. Харин хаалттай хорих ангид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл урьд нь хорих ял эдэлж байсан буюу онц аюултай хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны ялыг эдлүүлэх юм байна. Нээлттэй дэглэм нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц, боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүй, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлдэг. Тэгвэл хаалттай дэглэмийн онцлог нь тухайн ялтныг хорих ангийн хамгаалалтын бүсэд, нарийн хяналтан дор, ялтны зорчих хөдөлгөөн, бусадтай харилцах боломжийг нь хязгаарласан нөхцөлд байлгадаг. Мөн нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамруулдаг байна. Улсын хэмжээнд жирийн дэглэмтэй 10, насанд хүрээгүйчүүд болон эмэгтэйчүүд, баривчлах ял эдлүүлэх, дамжин өнгөрүүлэх, эмчилгээний тус бүр 1, чанга дэглэмтэй 7, онцгой дэглэмтэй 1, гяндан 1 байдаг юм. ТОВЧ МЭДЭЭ
Сэтгэгдэл ( 0 )